Өнгөрсөн шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Их Монгол”, “Дүнжингарав” худалдааны төвийн автозамын уулзварт шингэрүүлсэн байгалийн хий (газ) тээвэрлэж явсан том оврын автомашин, суудлын автомашинтай мөргөлдсөн зам тээврийн осол гарсан. Ослын улмаас гал гарч автомашин шатаж байна гэсэн дуудлага Онцгой байдлын ерөнхий газарт 01.24-ний өдрийн 01:07 цагт иржээ.
Дуудлагын дагуу ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 26, 30, 34, 35, 63 дугаар анги, Аврах ангийн нийт 200 гаруй алба хаагч, 48 автомашин, техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэлээ.
Мөн Цагдаа, Эмнэлэг, Улаанбаатар Төмөр зам, Ус сувгийн удирдах газрын нийт 600 гаруй алба хаагч голомтын бүсэд иргэдийн аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх болон гал унтраахад дэмжлэг үзүүлэн ажилласан.
Урьдчилсан байдлаар гал түймэрт 3 хүн амь насаа алдаж, түлэнхийн төвд 10 иргэн, Цэргийн төв эмнэлгийн хордлогын төвд 1, Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд 3 хүүхэд хүргэгдэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, 30 автомашин шатсан байна. Харамсалтай нь ослын улмаас НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 3 алба хаагч албан үүргээ гүйцэтгэж байгаад амь нас эрсэдлээ.
Сэтгэгдэл ( 1 )
Хайран залуус анхаарал болгоомжтой ажиллаарай эрсдэл ихтэй ажил шүдээ ёстой нөгөө галзуу барын аманд гараа хийхээсч буцахгүй залуу насандаа амиа алдсан залуусдаа эмэгнэл илэрхийлье