БЗД-ийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзварт газ дэлбэрсэнтэй холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас дараах мэдээллийг хийлээ.
Осол гарсан газар байрлах 207-р байранд нийт 56 айл бүртгэлтэй байдаг бөгөөд 178 иргэн оршин суудаг. Өнгөрсөн шөнийн байдлаар ГССҮТ-д 14 иргэн, Цэргийн төв эмнэлэгт 2 иргэн, БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт 2 иргэн, ЭХЭМҮТ-д 3 хүүхэд тус тус хүргэгдэн шаардлагатай эмчилгээ, үйлчилгээ авчээ. ГССҮТ-ийн салбар эмнэлэгт 14 хүн тусламж үйлчилгээ авсан 4 хүний биеийн байдал харьцангуй сайн байгаа тул салбар амбулаторийн хяналтад илгээжээ. 10 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 5 нь эрчимт эмчилгээний тасагт, 5 нь энгийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Эрчимт эмчилгээнд эмчлүүлж байгаа 5 хүний биеийн байдал нэлээн хүнд, 3, 4-р зэргийн түлэгдэлтэй байна.
Осол болох үед айсан, сандарсан, цочирдох явдал ихээр гардаг тул Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс эдгээр иргэдэд сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлэхээр баг гарган ажиллаж байна. Мөн Нийслэлийн яаралтай тусламжийн төвөөс 4 баг бэлэн байдал ханган ажиллаж байна. Одоогоор тасарсан эм тариа байхгүй, хүний нөөцийн дутагдал байхгүй, эрүүл мэндийн байгууллагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна.
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дээр байгаа Күүпер хэмээх зочид буудалд 48 иргэнийг байрлуулсан байгаа. Тэдгээр иргэдээд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч мэргэжилтнүүд зөвлөгөө, мэдээлэл өгч байгаа.
Сэтгэгдэл ( 0 )