Д.Баярболд: Дэлбэрсэн бодис тодорхойлогдохгүйгээр агаарт сарнисан байна

2024 оны 01 сарын 24

БЗД-ийн 26 дугаар хороонд газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрсэнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-ны зүгээс орчны агаарын шинжилгээг хийж, урьдчилсан дүгнэлт гаргасан талаар мэдээлэл өглөө.

(2024.01.24)


ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд "Болсон  үйл явдалтай холбогдуулан ЭМЯ-аас хоёр үндсэн чиглэлээр ажиллаж байна. Нэгдүгээрт, иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, хоёрдугаар орчны эрүүл мэндийн асуудал дээр арга хэмжээ авч байна.

Монгол Улсын Шадар сайдын баталсан нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед хариу арга хэмжээ авах, мэдээлэл солилцох журам байдаг. Энэ журмаар үйл явдалтай холбогдуулаад эрсдэлийн үнэлгээ хийдэг.

Өнөөдөр ЭМЯ, ОБЕГ, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа БЗД-ийн Эрүүл мэндийн төв, Гэмтэл, согог судлалын үндэсний төв, Цэргийн төв эмнэлэг зэрэг зургаан байгууллагын эмч, мэргэжилтнүүд оролцсон багийн бүрэлдэхүүнтэйгээр эрсдэлийн үнэлгээг хийлээ.

Энэ үнэлгээгээр эрсдэл дунд зэрэгтэй байна. Эхний эрсдэлийн үнэлгээ түргэвчилсэн үнэлгээ байдаг. Явцын үнэлгээг үйл явдалд авч байгаа хариу арга хэмжээтэйгээ уялдуулаад дахин хийнэ.

Дэлбэрэлт болсон газар НЭМҮТ, ОБЕГ-аас шинжилгээ, судалгаатай хяналт хийж үзсэн байгаа. Агаарт агуулагдаж байгаа 12 төрлийн химийн бодисын найрлага тодорхойлох шинжилгээ хийлээ. Шинжилгээг нийт таван цэгээс авсан. "Их Монгол" хороолол буюу дэлбэрэлт болсон газраас 50м-ийн зайд, дэлбэрсэн савнаас 10м-ийн зайд зүүн, баруун, хойд гэсэн дөрвөн зүгт нь шинжилгээ авч үзэхэд, "Дэлбэрсэн бодис тодорхойлогдохгүйгээр агаарт сарнисан байна" гэсэн эхний дүгнэлт гарч байна.

Ачиж явсан химийн бодис нь шингэрүүлсэн шатдаг хий буюу "Пропан" гэдэг бодис байсан. Энэ нь агаараас хөнгөн нэгдэл учраас агаарт маш түргэн хугацаанд замхарсан гэсэн дүгнэлт гарсан.

Өнөөдрийн хийсэн шинжилгээг өглөөний 08:30-10:00 цагийн үед хийсэн. Цаашид энэ шинжилгээг давтан хийж, явцын эрсдэлийн үнэлгээг дахин хийж, эрсдэлийг бууруулсны дараа энэ арга хэмжээ дуусна." гэв.

Түүнчлэн "Иргэд агаарт бодисын үлдэгдэл байгаад эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх вий гэдэг болгоомжлол байгаа байх. Үүнд иргэд харьцангуй тайван байж болно. Хамгийн гол нь гэнэтийн үйл явдал болсон учраас иргэд цочролд орох, сэтгэцийн эрүүл мэндэд асуудлууд үүсдэг. Тиймээс ЭМЯ-ны зүгээс НЭМҮТ дээр 119 дугаарын утас ажиллуулж, эмчийн зөвлөгөө өгч байна. Тиймээс тухайн бүсэд ойр амьдарч байгаа иргэд болон тухайн байрны хүмүүс эрүүл мэндийн ямар нэгэн зовиур илэрч байвал 119 дугаар руу залгаж, зөвлөгөө мэдээлэл авах боломжтой" гэлээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
S(59.153.115.120) 2024 оны 01 сарын 25

SEXSDI XALYYTSTAL80955877

0  |  1
зочин(66.181.189.166) 2024 оны 01 сарын 25

манайхан мэдэхгүй оросын шинжээч нарыг авчраач дээ

2  |  0
Top