Бүгдийг цочроосон ослын дараа ТАЙВАН БАЙДЛАА хэрхэн хадгалах вэ?

2024 оны 01 сарын 24

Өнгөрсөн шөнө БЗД-ийн 26 дугаар хороо, Дүнжингаравын уулзварт шингэрүүлсэн байгалийн хий тээвэрлэж явсан том оврын автомашин суудлын автомашинтай мөргөлдөж, дэлбэрэлт боллоо.

Дэлбэрэлтийн улмаас онцгой байдлын албаны гурван алба хаагч амиа алдаж, хэд хэдэн хүн түлэгдэн, эмнэлэгт хэвтэж байна. Гал түймэрт өртсөн орон сууцнуудын оршин суугчид болон осол гарах үеэр ойр орчимд байсан иргэдэд сэтгэлзүйн зөвлөгөө үзүүлж эхэлжээ. 

Ихэнх тохиолдолд улс орныг хамарсан, олон хүн өртсөн аливаа осол, гамшгийн дараа олон нийтийн сэтгэл санаа цочирдож, хэвийн байдлаа алддаг ба үүний улмаас гэмт хэрэг, зөрчлийн тоо нэмэгдэж, хүн сэтгэл хөдлөлөө барих чадвар, хяналтаа тодорхой хэмжээнд алдаж, нийгэм, гэр бүл, ахуйн хүрээнд тайван бус байдалтай болдог. 

Хэвлэл мэдээллийн нөлөө ч үүнд чухал ба аль болох эерэг, зөв мэдээллийг олон нийтэд хүргэж ажиллах нь хариуцлагатай Редакцын төлөвшил, ёс зүйг харуулж байдаг. 

Тиймээс нийтийг цочроосон аливаа осол, харамсалтай үйл явдлын дараа сэтгэлзүйн тогтвортой, тайван байдлаа хэрхэн хадгалах талаар дараах зөвлөгөөг хүргэхийн сацуу хэвлэл мэдээллийн редакциудаа ХАРИУЦЛАГАТАЙ байдалд уриалж байна.


Сөрөг сэтгэл хөдлөлөө гадагшлуул

Хүн бүр бухимдал, харуусал, айдас түгшүүр зэрэг сөрөг сэтгэл хөдлөлийг мэдэрдэг. Энэ нь хэвийн зүйл. Харин эдгээр мэдрэмжийг дотроо хадгалалгүй гадагшлуулж явах нь чухал. Өөрт төрж буй мэдрэмжээ итгэдэг, дотны хүмүүстэйгээ хуваалцаж, илэрхийл. Мэдрэмжээ тухай бүрд нь гаргаж, оюун бодлоо чөлөөлөөрэй.

Шаардлагатай үед сэтгэлзүйч дээр оч

Монголд сэтгэл зүйчдийг зөвхөн сэтгэцийн эмгэгтэй хүмүүстэй л харьцдаг гэх туйлширсан ойлголт байдаг. Хувь хүн ямар нэгэн асуудлаа эхлээд өөртэйгөө ярилцаад, шийдэж чадахгүй бол шууд сэтгэл зүйч дээр очих хэрэгтэй.

Дуртай зүйлээ хий

Өөрийн гэсэн хоббитой, түүнээсээ аз жаргал мэдэрч чаддаг хүмүүс сэтгэл гутралаас хол байж чаддаг. Дуртай зүйлээ хийж, өөрийгөө хөгжүүлж, таныг ойлгож, дэмждэг найз нөхөд, хамт олонтой болоорой.

Хорт зуршлаа хая

Тамхи татах, амттан ихээр идэх, согтууруулах ундаа хэрэглэх, утсаа “ухаж” цагаа үрэх, сөрөг мэдээлэлд автах зэрэг хорт зуршлаасаа салах арга хэмжээ аваарай.

Өөрийгөө хайрла

Эрүүл, зөв хооллож, эрт унтаж амран, дулаан хувцаслаж, сөрөг зүйлс болон танд таагүй мэдрэмж төрүүлдэг хүмүүсээс хол байж өөрийгөө хайрлаарай.  

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.161.242.110) 2024 оны 01 сарын 25

Хайран залуусынхаа өмнөөс харамсаад байхымаа хорт утааны багтай байсанч болоосой гайгүй хувцастай байсанч болоосой гээд өрөвдөөд байна.

0  |  0
зочин(139.5.216.253) 2024 оны 01 сарын 25

Одоо өөрчллөгдөх хэрэгтэй шүү, ямар ч гэсэн аврагч нарыг багаж зэвсэг, хувцсаар хангаж, цалинг нь нэмэх шаардлагатай байна. Шадар сайдаа!!!!!!!!!!!!Ер нь идлээ уулаа, хулгай хийлээ гэсэн үг сонсохоор цөхрөөд байх юм. Яасан гуингтай юм бэ?

1  |  0
Top