Улсын онцгой комисс болон Нийслэлийн онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Хэвлэлийн хурлын үеэр нийт хохирлын хэмжээг нарийн тооцоолж гаргаагүй байгаа тухай мэдээлсэн бөгөөд амь хохирсон хүмүүсийн тоог нуун дарагдуудах боломж байхгүй тул ташаа мэдээлэл тараахгүй байхыг анхаарууллаа.
УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү: Хууль хүчний байгууллагууд хэргийн газрын үзлэг хийж, холбогдох мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Осол, гал түймрийн шалтгаан, түүнээс үүдсэн хэргийн бодит нөхцөл байдал, нийт хохирлын хэмжээ зэргийг хянан шалгаж эцэслэн шийдвэрлэнэ. Тиймээс иргэд олон нийт албаны эх сурвалжийн мэдээллийг хараарай. Олон нийтийн сүлжээнд батлагдаагүй мэдээлэл, хардлагын шинжтэй, бодит нөхцөл байдлыг гуйвуулсан, таамаглалын шинжтэй мэдээллүүд түгэж байгаа учраас бид бодит нөхцөл байдлыг тухай тухай үед нь өгөөд явах учраас албаны эх сурвалжийн мэдээлэл авч байгаарай.
Гал түймэрт өртөж түлэшдсэн нийт 27 хүн эрүүл мэндийн байгууллагад хүргэгдэж, 13 хүн зөвлөгөө, анхан шатны тусламж аваад гэртээ харьсан. Түлэгдэж гэмтсэн 19-60 насны 14 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байснаас өнгөрсөн шөнө 19 настай нэг иргэн харамсалтайгаар амиа алдлаа. ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн нэг нь 90-98 хувийн түлэгдэлтэй байгаа бол нэг иргэний биеийн байдал туйлын хүнд, 4 хүний биеийн байдал маш хүнд, 8 хүн хүндэвтэр гэсэн оноштой эмчлүүлж байна.
Засгийн газар, УОК-ын шийдвэрийн дагуу Эрүүл мэндийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Эрүүл мэндийн байгууллага холбогдох эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж, холбогдох бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна.
Түймэрт өртсөн хоёр орон сууцны иргэдийг хоёр зочид буудалд байрлуулсан байгаа. Засгийн газрын нөөц сангаас энэхүү түймэрт өртсөн иргэдийн орон сууцыг засварлаж хэвийн болгох хүртэл хугацаанд буюу ирэх аравдугаар сар хүртэлх хугацаанд түрээсийн зардлыг гаргах болно. Иргэдэд хүүхдийн сургууль, цэцэрлэг, ажил амьдралын маш олон асуудлууд үүсдэг учраас аль болох хүүхдийнхээ сургуультай ойр байх амьдралын хэв маягтаа тохирсон байдлаар түрээсийн байраа сонгохыг санал болгож байгаа. Өнөөдөр зарим айлууд түрээсийн байрандаа орж байна.
Дэлбэрэлтийн улмаас нийт 35 тээврийн хэрэгсэл их бага хэмжээгээр түймэрт өртсөн. Хэргийн газрын үзлэг дээр 29 автомашин ашиг болохмжгүйгээр бүрэн шатсан нөхцөл байдалтай байсан. УОК-ын даргын тушаалаар шатахуун, хий зэрэг тэсэрч, дэлбэрэх аюултай бодисын хадгалалт тээвэрлэлт түгээлтийн үйл ажиллагаа хууль эрх зүйн хүрээнд хэрхэн явагдах байгааг шалган дүгнэлт гаргах мэргэжлийн байгууллагын ажлын хэсгийг гаргаад ажиллаж эхлээд байна.
Нийслэлийн хот байгуулалтын газар холбогдох чиглэлд мөн байршлуудад шалгалт хийгээд явж байна. ХНХЯ, ЗТЯ, Уул уурхайн яамны хөдөлмөрийн аюулгүй байдлын байцаагч нар Дашваанжил газ компанид хөдөлмөрийн аюулгүй байдал хангаж байгаа эсэх дээр шалгалт хийхээр болсон.
207, 830-р байрны орон сууцны төлөв байдлыг тогтоох, хийц, бүтээцийн бах бэх байдалд лабораторийн туршилт хийх, шинжилгээ хийж, дүгнэлт гаргах, засварын ажлын тооцоо, үнэлгээг хийх ажлын хэсгийг Барилга хот байгуулалтын яамны сайдын тушаалаар гарган ажиллаж байна.
ШУУД ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 1 )
гадны хэвлэл мэдээлэлээр , яагаад ийм аюултай хийг хот дотор тээвэрлэж явсан юм бол гээд тайхаад байна