Хувьсаж буй боловсролын гол чиглэл нь ЦАХИМ ШИЛЖИЛТ БАЙХ БОЛНО

2024 оны 01 сарын 30

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотноо “WORLD DIGITAL EDUCATION CONFERENCE 2024” олон улсын хурал эхэлж байна.

Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус хуралд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир тэргүүтэй албаны хүмүүс оролцож байна.

БНХАУ-ын Боловсролын яамнаас санаачилсан тус хуралд Дэлхийн 20 гаруй орны боловсролын сайд оролцож байна. Шинжлэх ухаан, технологи, аж үйлдвэрийн хувьслын эрин үед цахим технологи нь иргэдийн сэтгэлгээ, хандлага болон байгууллага, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд хүчтэй өөрчлөлт мэдрүүлж, нийгмийн хөгжлийг шинээр загварчлан хөгжүүлэх шаардлагыг бий болгож байна. Энэ нь нэг талаасаа шинэ сорилт боловч нөгөө талаас шинэ боломжийг бидэнд олгож байна.НҮБ-аас Боловсролын хувьслын 5 гол чиглэлийн нэг нь цахим шилжилт гэж тодорхойлсон. Боловсролын бүхий л түвшний байгууллага, түүнд оролцогч иргэн, аж ахуй нэгжүүд хамтраад цахим шилжилтийг гол бодлогоо болгохыг энэхүү хурлаар онцолж байна. Энэ нь тэгш боломж, тэгш хүртээмжтэй боловсролын суурь бөгөөд тогтвортой хөгжлийн зорилт биелэх үндсэн хөшүүрэг болно.

Хурлаар:

-Цахим бичиг үсэг тайлагдалт

-Багшийн цахим ур чадвар

-Суралцахуйн шинэ загвар

-Цахим боловсролын дэлхийн чиг хандлага

-Хиймэл оюун ухаан

-Боловсрол дахь цахим засаглал зэрэг илтгэл, мэдээллүүдийг хэлэлцэнэ.  Энэ хурлаас 3 дугаар сарын 19-ний өдрийг дэлхийн цахим боловсролын өдөр болгон зарлаж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top