“Цагаан сар” уралдаан биш

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2024 оны 02 сарын 01

Цагаан сар бол монголчуудын үндэсний баяр. Хатуу өвлийг өнтэй давж, урин хавартайгаа угтан золгосны баяр. Нэр нь өөр болохоос мөн чанартаа дэлхийн улс орнуудад тэмдэглэдэг үр тариа, нарны баяр, хаврын баярын л нэг хувилбар. Аливаа зүйлийн утгыг алдуулж, хэлбэр хөөдөг манайхны зарим нь Цагаан сарыг баяр биш уралдаан болгож орхисон. Баян тарганаа гайхуулж хэдэн үеэр өндөрлөж зассан таваг, тансаг ширээнээс эхлээд чамин хөөрөг, үнэтэй даалин, торгон дээл, том автомашинаар уралддаг нэг төрлийн уралдаан болгож хувиргасан.

Бусдын дор орохгүй гэж өр зээл тавиад мачийтал зүтгэнэ. Зурагтаа ломбардаж баяр тэмдэглэнэ. Үнэтэй жийп түрээслэж унаад айл хэснэ. Хүний нүдэнд баян тарган харагдаж байвал бусад нь хамаагүй. Тэгвэл энэ уралдаан эхэлчихжээ. Өчигдөр нэг нөхөр ээжийнхээ оёдлын машиныг ломбардад тавьж гэнэ. Өнөөдөр бас нэг хүн аавынхаа мужааны багажийг тэврээд ирсэн сурагтай. Цагаан сарын бэлтгэлээ базаахаар барьцаат зээлийн үйлчилгээнд хамрагдаж байгаа тухай зээл олгогч телевизээр ийнхүү ярьж сууна.

Уг нь байгаагаа тордож, гар доорх зүйлүүдээр идээ, шүүс бэлтгээд баярлаж болно. Заавал өр тавьж баяр тэмдэглэх хэрэг юун. Хирээ угааж, гэрээ цэвэрлэ. Настнаа хүндэл, аав ээждээ золго. Хангай дэлхийдээ залбир. Гол нь бусдаас илүү, баян тарганаа гайхуулах бус зөв яваагаа харуул. Ёс уламжлалаа мэддэг, дээдэлдэг монгол хүн болохоо таниул. Хүү минь зөв хүн болжээ. Үндэснийхээ өв соёл, үүх түүх, ёс уламжлалыг судалж мэддэг болж шүү гэж ижий, аав чинь баярлавал хамгаас том баяр тэр байхсан. Цагаан сар ийм л байсан. Түүнээс хэн нэгнээс илүү гарах гэсэн уралдаан биш л дээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(98.181.118.33) 2024 оны 02 сарын 01

Монголчуудын үндэсний өв уламжлал нь аль ч нийгэмд ядуурах явдал юм шиг санагдах болов, харж л байя 2024 оны сонгуулийг.

0  |  0
Top