Цагаан сарын баярын зан үйлийн бэлгэдэл

2024 оны 02 сарын 01

Цагаан сарын гол утга нь өндөр настан өтгөс дээдсээ хүндэтгэх, хүүхэд дүү нараа баярлуулах, төрөл саднаа мэдэлцэх, шинэ хүнээ танилцуулах, уламжлалт ёс заншлаа дээдлэн хадгалахад оршино. Цагаан сар нь бэлтгэл болон гол үйл ёслолоос бүрдэнэ.

Цагаан сарын бэлтгэл болон ёслол нь олон бэлгэдэл утгыг агуулдаг. Бэлтгэл болоод ёслолын үйл ажиллагаа нь бүхэлдээ ариун, агуулга төгөлдөр, арвин шинж ёсыг агуулсан байдаг. Ариун байх шинж ёс нь битүүний өмнөх 29-нд гэр орон, хот хороогоо  цэвэрлэж дуусгаад шинэ дээл хувцсаа гарган сэргээж зочин гийчин хүлээж авах тэргүүтэн аливаа ажил үйлс бүгдийг шинэ сайхнаар эхэлж  буйтай холбоотой.

Агуулга төгөлдөр байх шинж ёс нь бүх зүйлээ цэвэрлэж бэлтгэл хангагдаад ирэхээр сэтгэл баясаж, амарлих бөгөөд битүүний өглөөнөөс урьдчилан бэлдсэн идээ цагаа, ууц шүүсээ чанаж, өрж бэлтгэх ажлаа амжуулж гүйцээснээр эхэлдэг. Бурхан шүтээн, зочин гийчинд бэлдсэн тахил дээж, идээ цагаа хир тоосгүй, цэвэрхэн, ёс дэгийг агуулсан байхад ихэд анхаардаг ёстой.

Цагаан сарын бүх үйл нь монголын ард түмний уламжлалт ёс заншил, бэлгэдлийг агуулж байдаг тул та бид хийж буй үйл ажлаа сэтгэлд зохистой, бэлгэ дэмбэрэл, ном ёсонд нийцүүлсэн байх хамгаас чухал юм. Иймээс бусдыг дуурайдаг, атаархдаг, харам сэтгэл агуулдаг, голж сонждог, согтож хөлчүүрхдэг, хүндлэх дээдлэх ёсыг умартдаг зэрэг зохисгүй байдал гаргахаас аль болох хол байхыг чухалчлах хэрэгтэй юм. Ингэж чадваас таны ирэх жилийн ажил үйлс, аливаа нэг юм сайхан байх бэлгэдэл төгс болж байгаа юм. Энэ их чухал. Арвин байлгахын шинж ёс нь харамгүй байхын бэлгэдлийг агуулж байгаа бөгөөд хүндлэх, дээдлэх ёсны илэрхийлэл болгож цагаалга, бэлэг өгдөг ёстой.

Эдүгээ зарим телевиз радиогийн нэвтрүүлгүүд цагаан сарыг онцлон үрэлгэн, зардал чирэгдэл ихтэй хэмээн муушаах өнгө аястай байгаа нь монголчуудын үндэсний уламжлалт зан заншлаа дээдлэх үзлийг саармагжуулах, гутаах хор нөлөөтэй болохоос ард иргэдэд тус нэмэр болоогүй, тэр дагуу болсон нэг ч зүйл үгүй билээ. Хэнд юу байна түүгээрээ гэдэг үгтэй болохоос “Хэнд ч хэрэггүй хятад бараа” гэх мэт шүүмж нь авахыг хүссэн буруу сэтгэл шүү дээ.  Иргэд маань баяраараа идэж уух, эдэлж хэрэглэх, өгч авахаа  хэрхэн болгохоо өөрсдөө мэдэж зохицуулах чадвартай тул бэлгэ дэмбэрэлгүй үг яриагаар хөөрөгдөх нь өлзий бус юм.

Эх сурвалж: МБШТ Гандантэгчэнлин хийд

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top