Киборгын ертөнц үүдээ нээж байна: “Neuralink” чип хүн төрөлхтөнд юу өгөх вэ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 02 сарын 01

Тэрбумтан Илон Маскийн үүсгэн байгуулсан “Neuralink” компани түүхэнд анх удаа хүний тархинд чип суулгав. Илон Маск энэ талаар мэдээлэхдээ “Анхны хүн “Neuralink”-ийн имплантыг суулгуулж, мэс заслын дараа бие нь сайжирч байна. Чип хэрхэн ажиллаж байгаа талаарх эхний мэдээллүүд ихээхэн найдвар төрүүлж байна. Эл чип түүнд бодлынхоо хүчээр ухаалаг утас эсвэл компьютерыг удирдах боломжийг олгоно. Анхны хэрэглэгчид нь дөрвөн мөч нь ажиллагаагүй болсон хүмүүс байх юм. Стивен Хокинг илүү хурдан ярих чадвартай байсан бол гэдгийг төсөөлөөд үз. Энэ бол бидний зорилго” гэж бичжээ. Мэдрэлийн интерфейс нь ирээдүйд хүнийг хиймэл оюун ухааныг сөрөн зогсох киборг болгох боломжийг нээнэ гэж Маск үзэж байна.

Илон Маскийн энэ төсөлтэй холбоотой гол асуултуудад шинжээчид хариулжээ.

Чип хэрхэн ажилладаг, хэнд зориулагдсан бэ?

Бичил имплант нь 20 мм орчим голчтой зоосны хэмжээтэй бичил чип юм. Маск эл чипийг “Telepathy /алсаас мэдрэх/” хэмээн танилцуулсан. Имплант нь тархины цахилгаан идэвхжилийн мэдээллийг цуглуулж, улмаар Bluetooth-ийн тусламжтай компьютер эсвэл ухаалаг утас гэх мэт төхөөрөмжид дамжуулдаг байна. Жишээ нь, өвчтөн бодлынхоо хүчээр ухаалаг бионик протез буюу хиймэл эрхтнийг удирдах боломжтой. Чипийг утасгүй технологийн тусламжтай цэнэглэдэг.
Эл “тархи-компьютер” интерфейс нь юуны өмнө саажилттай хүмүүсийн амьдралын чанарыг дээшлүүлэх зориулалттай. Гэхдээ алс хэтэд Маск хүний тархийг хиймэл оюун ухаантай холбох санааг агуулж байна.

Маскийн төсөл шинжлэх ухааны хувьсгал уу?

Маскийн эл төсөл нь шинжлэх ухааны хувьсгал байж чадахгүй. Учир нь тархины имплантыг дээр үеэс эхлэн суулгаж байна. Тухайлбал, өнөөдөр бидний дунд тархиндаа бичил цахилгаан утас суулгуулсан эпилепси өвчтэй 150 мянга орчим хүн амьдарч байна. Алгоритм тархины цахилгаан долгионыг шинжилж, эл өвчин сэдэрмэгц бага хэмжээний тогийн импульсийн тусламжтай блоклодог байна.

Хүний тархинд “тархи-компьютер” интерфейс төрлийн чип суулгасан олонд хамгийн их хүрсэн тохиолдол 2014 онд болж байв. АНУ-ын иргэн Натан Коуплэнд гэгчид Юта мужийн их сургуулийн эрдэмтэд имплант суулгаж байлаа. Эл өвчтөн 2004 онд автомашины осолд орсны улмаас цээжин биеэс дооших хэсэг мэдрэлгүй болжээ. Өнөөдөр Натан компьютер ашиглаж, видео тоглоом тоглох чадвартай болжээ. Эл бүгдийг тэр бодлынх нь хүчээр хөдөлдөг хиймэл эрхтнүүдээрээ удирдаж байна. Коуплэндын тархинд дөрвөн имплант суулгажээ.

Тиймээс Илон Маскийн “Neuralink” нь “тархи-компьютер” интерфейсийн хөгжүүлэлт хийж буй “Synchron”,  “Precision Neuroscience” зэрэг олон стартапын нэг юм.

Тэгвэл Маскийн төсөл зүгээр л пиар уу?

Энэ нь мөн л буруу ойлголт. Учир нь “Neuralink” маш чухал хоёр асуудлыг шийдэж байна. Нэгдүгээрт өмнө нь байсан чипнүүдийн тусламжтай 100-200 дамжуулагчийг суулгах боломжтой байсан бол “Telepathy” хувилбар нь 1024 цахилгаан утастай. Ирээдүйд Илон Маскийн эл технологи 100 мянга хүртэлх дамжуулагч суулгах боломжийг нээх юм. Хоёр дахь гайхамшигтай ноу-хау нь тархинд имплантын хэт уян утсыг суулгах автоматжсан мэс заслын системийг бүтээсэн явдал юм. Эл утаснууд нь хүний үснээс дөрөв дахин нарийнхан. Ийм робот мэс засалчийг бүтээснийг эрдэмтэд тухайн үед хувцас үйлдвэрлэлд хувьсгал хийж байсан оёдлын машин бүтээсэн явдалтай зүйрлэж байна. Робот нь цахилгаан утаснуудыг тархины эстэй маш чадамгай холбодог. Ингэхдээ судас болон мэдрэлийн эсийг гэмтээх асуудал байхгүй.

Хүн дээр туршилт хийх зөвшөөрлийг яагаад олгов?

Илон Маскийг амьтан дээр туршилт хийж, харгис хандаж байна хэмээн буруутгадаг. Амьтны эрхийг хамгаалагчдын мэдээлж байснаар, “Neuralink”-ийн имплантын улмаас дор хаяж 12 сармагчин үхжээ. Тэдэнд саажих, таталт өгөх, тархи хөөх зэрэг шинж тэмдэг ажиглагдаж байсан гэнэ. Харин Маск туршилтад зөвхөн “насгүй” болсон сармагчнуудыг оролцуулдаг байсан хэмээн тайлбарлаж байв. Ингэхдээ тэрбээр “Neuralink”-ийн имплантын улмаас нэг ч сармагчин үхээгүй гэдгийг нотолж чадсан юм. Улмаар 2023 оны тавдугаар сард АНУ-ын хүнс, эмийн чанарыг хянах агентлаг тус технологийг аюулгүй гэж үзэн, хүн дээр эмнэлзүйн туршилт хийх зөвшөөрлийг олгосон билээ. Мөн оны аравдугаар сард “Neuralink” компани туршилтад сайн дураар оролцох хүсэлтэй дээд болон доод мөчний бүрэн эсвэл хагас саажилттай өвчтөнүүдийг бүртгэж эхэлсэн юм.

Хэзээ тархины чип өргөн хэрэглээнд нэвтрэх вэ?

“Neuralink” компани энэ онд 11 өвчтөнд ийм мэс засал хийхээр төлөвлөж байна. Эл туршилтын үндсэн дээр чипийн хамгийн тохиромжтой загварыг боловсруулах юм. Гэхдээ эмнэлзүйн туршилтын дараагийн үе шат нь шийдвэрлэх ач холбогдолтой байх гэнэ. Энэ үе шатанд чипийн үр дүн, аюулгүй байдлын тухай асуултын хариу гарах юм. Хэрэв амжилттай болбол 5-10 жилийн дараа “Neuralink” компанийн тархины имплант өргөн хэрэглээнд нэвтрэх хүлээлттэй байна.

Киборгуудын гараг -Матрикс ертөнц

Мэдрэлийн интерфейсийг хөгжүүлэх салбар явцуу хүрээтэй. Ихэнх туршилтууд сармагчин дээр явж байгаа ба өнөөдөр ямар нэгэн чип, цахилгаан утас тархиндаа суулгуулсан нийт мянга орчин мич бий. Харин хүнд эмгэгийн улмаас тархиндаа цахилгаан утас суулгуулсан хүний тоо 100-д багтана.

Хэрэв хүний тархинд чип суулгах эл туршилт амжилттай болбол хүний хөдөлгөөний удирдлагыг хүртэл шилжүүлэх боломжтой болно. Өөрөөр хэлбэл хэн нэгэн утсаараа урдаа сууж буй хүний хуруу эсвэл хөлийг удирдах юм. Үүнд мөн хараа, сонсголын үйл ажиллагааг сэргээхэд хамаатай. Тухайлбал, генералууд цэргүүдийнхээ айдсыг дарахын тулд чипийн тусламжтай “зориг” товчлуурыг дарах юм. Гэхдээ хүний бодол төрж, хадгалагддаг тархины неокортекс гадаргын “оюуны” программ хангамж илүү ярвигтай. Хүний бодлыг тооцоолох, нөлөөлөх нь алс хэтийн асуудал. Гэхдээ энэ нь компьютерын код шиг бичих боломжтой зүгээр л нэг программ хангамж гэдэгт эргэлзэх хэрэггүй.

Авьяасын дэлгүүрээс чанарыг худалдан авна

Мэдээж хэрэг хүн төрөлхтөн мэдрэлийн интерфейсийн хэрэглээ зөвхөн анагаах ухааны салбараар хязгаарлахгүй. Тархины онцлог, чадварыг сайжруулах асар их боломж бий. Учир нь өнөөдөр тархины асар олон үйл ажиллагааг судлаад байгаа. Тиймээс зөн билгийн чадвар эсвэл математикийн авьяастай холбоотой тархины хэсэгт чип суулгах замаар идэвхжүүлэх боломжтой гэсэн үг. Мэдрэлийн интерфейс аз жаргалыг мэдрүүлдэг эмтэй өрсөлдөх боломжтой. Гэхдээ энэ талын практик судалгаа одоогоор хангалттай бус байна.

“Хүний чадварыг дээшлүүлэх дэлгүүр”-т зарагдах интерфейсүүд ойрын ирээдүйд эм үйлдвэрлэлийн салбартай, алс хэтэд гений бүтээгдэхүүнтэй хүчтэй өрсөлдөх нь дамжиггүй.

Хүний бүтээлч чанар онцгой ч цаг хугацааны асуудал

Ген судлаачид тоон аргаар геномын дарааллыг тогтоож байсантай нэгэн адил тархийг цахим программын цогц байдлаар тодорхойлох тэр цаг үе тийм ч хол биш. Шинжлэх ухаанд үүнд хүрэхийн тулд цаг хугацаа хэрэгтэй ч хүрэх нь дамжиггүй. Харин тэр хүртэл хүний төрөлхийн авьяас болох уран бүтээлч чанар л хүнийг онцгой болгож байна. Мэдрэлийн интерфейсийн тусламжтай бүтээлч мэдээллийг тархинд дамжуулах боломж алс хэтийн асуудал. Гэхдээ энэ тал дээр шүлэг бичиж, зураг зурдаг хиймэл оюун ухаан хүнтэй өрсөлдөж эхэлсэн. Харин бидний тархин дахь мэдрэлийн интерфейс хиймэл оюун ухаантай харилцан үйлчилж эхлэх тэр үед л хамгийн сонирхолтой зүйл эхэлнэ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(209.89.240.99) 2024 оны 02 сарын 01

Яваандаа хүн болгонд суулгаж удирдаад эхэлбэл яанаа

0  |  0
Top