-Төрийн үйлчилгээг төвөггүй хүргэх 24/7 цахим төвтэй боллоо-
Хэзээнээсээ түм түжигнэж, бум бужигнаж байдаг их хөлийн газар Зуун айлыг монголчууд хот, хөдөөгүй андахгүй. Энд туурга тусгаар улсын маань онцгой нэгэн объект төрийн сүлдэт цагдаагаараа хамгаалуулан байдаг юм. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, малчин, тариачин, сэхээтэн, ажилчин, эмч, өвчтөн, ялтан гээд хэн ч байлаа гэсэн эрх тэгшээр туурга тусгаар улсынхаа данс бүртгэлд орж явдаг. Хүмүүн заяаг олж төрөхөөс эхлээд эх орныхоо иргэн болох, их төрийн бага төр болох хурим найрыг үүсгэж гэр бүлээ батлуулах, үр хүүхдээ өлгийдөж аван өр зүрх уяран хайлах, өнчин, ядуусыг өргөж тэтгэх, өмч хөрөнгөө тэдэндээ хуваан өвлүүлэх, шинэ байр, машин худалдаж авах, томсгох, зарж үрэх, өтгөс буурлуудаа өнө холын харгуйд үдэх, “эр эм байтугай эрүү толгой салдаг” хорвоод зарим нэг нь өр зүрхний тангарагаасаа няцаж буцсанаас гэр бүлээ цуцлуулах гээд хүний энэхэн амьдралд юу эс тохиолдох вэ. Тэрхүү цээж дүүрэн баяр жаргалтай, бас уйтгар гунигтай агшин бүрт тань Улсын бүртгэлийн ерөнхий газрынхан хамт байж төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, гадаад паспорт, гэрлэлтийн гэрчилгээ, нас барсны гэрчилгээ зэргийг олгон бүртгэл бүрээ архивладаг байх нь.
Амьдралд тохиолдох ийм олон янзын өнгө будагтай агшинд бүртгэлийн газраар үйлчлүүлж буй хүн бүрийн сэтгэл зүйн долгио янз бүр л орж ирэх нь ойлгомжтой. Тэр бүрд мэндлэх хүндлэхээсээ эхлээд стандартын алхамуудаа дагаж мөрдөн үйлчилгээ үзүүллээ ч хэрэглэгчид үйлчилгээний хурдад үргэлж сэтгэл дундуур байгаа нь ажиглагддаг. Тэгвэл энэхүү асуудалд гарц хайж, шийдвэрлэсэн нь Төрийн үйлчилгээг төвөггүй хүргэх 24/7 цахим төвтэй болж, нээлтээ хийгээд гурав хонож байна. Долоо хоногын 24 цаг нээлттэй байх тус төв нь товчхондоо “Улсын бүтгэлийн АТМ” гэсэн үг. Одоохондоо хүн сийрэг байгаа ч удахгүй учраа олохоор ухаалаг үйчилгээ энд байна. Тухайлбал, гадаад паспорт авахын тулд цээж зургаа авахуулна, банканд очиж мөнгө тушаана, дараа нь бүртгэлийн ажилтан дээр очтол бөөн дугаарлалт, арга буюу дарга удирдлагаасаа чөлөө авна гээд автозамын түгжрэл, нийгмийн бухимдал ихтэй энэ цаг үед яршиг төвөг ихтэй, цаг хугацаа үрсэн ажил байсан нь үнэн. Харин одоо энэ бүхэн ард хоцорлоо. Гадаад паспорт захиалах хоёр бүхээг, улсын бүртгэлийн үйлчилгээ үзүүлэх дөрвөн киосктой юм. Ил харагдаж байгаа нь найм боловч үнэндээ 10 тоног төхөөрөмж байгаа гэж шинэ үйлчилгээгээ иргэдэд чиглүүлэн танилцуулж буй албаны хүн тайлбарлана билээ.
Улсын бүртгэлийн цахим үйчилгээ авч буй иргэд сэтгэл хангалуун байна. Бүхээгт гадаад паспортоо захиалж яваа иргэний сэтгэгдэл ямар байгааг тандан санал хүсэлт байгаа эсэхийг лавлав. Сүхбаатар аймгийн Наран сумын харьяат Б.Мөнхбаяр “Би уул уурхайн компанид ажилладаг. Миний гадаад паспортын хугацаа дууссан тул захиалахаар ирсэн. Хурдан шуурхай үйлчилгээг нэвтрүүлсэнд талархаж байна. Өмнө нь бид Дүнжингаравын нэг цэгийн үйлчилгээг зорьдог байлаа. Эсвэл өөртөө ойр газарт Иргэний бүртгэл хайгаад явдаг байсан. Очоод дугаарлаж зогсдог байлаа. Харин энд ямар ч дугаарлалт, хүнд суртал алга” гэлээ.
Өмнө нь бүртгэлийн ажилтан яаж ч хурдан үйлчиллээ гэсэн нэг хүнд 10-20 минут зарцуулдаг байжээ. Дээрээс нь үйлчилж байгаа болон үйлчилгээ авч буй хоёр талын сэтгэл зүй, орчин нөхцөл, харилцаа, хандлагаас улбаатайгаар асуудал үүсэх нь бий. Харин одоо иргэд иргэний үнэмлэх, банкны цахим картаа авч очоод л 2-3 минутанд гадаад паспортоо захиалчихаж болж байна. Мөн киоск машинаас;
• Лавлагаа-18 /Иргэний улсын бүртгэл-12, Хуулийн этгээдийн улсын бүртгэл-4, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл-2/
• Үйлчилгээ-6 /Иргэний улсын бүртгэл-3, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл-3/
• Тоон гарын үсэг шинээр авах үйлчилгээ
• Цахим иргэний үнэмлэхийн мэдээлэл авах үйлчилгээ
• Төлбөр тооцооны үйлчилгээг тус тус үзүүлэх юм.
Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн улсын ахлах бүртгэгч Ц.Урансайхан “Улсын бүртгэлийн цахим үйлчилгээний 24/7 гэдэг төв Улсын бүртгэлийн ерөнхий газрынхаа байранд нээгдээд удаагүй байна. Улсын бүртгэлийн үйлчилгээг цахимаар авах иргэд хүн бүр тэгш эрхтэйгээр өөртөө үйлчлэх боломжоор хангагдсан. Улсын бүртгэл маань иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн гэсэн гурван төрлийн бүртгэлээс бүрддэг. Киоск машинаас бүх төрлийн лавлагаа, зарим төрлийн үйлчилгээг авдаг. Дээрээс нь тоон гарын үсгээ авч болно. Хувь хүний нууцын тухай хуультай холбоотойгоор регистр, гэрийн хаяг иргэний үнэмлэх дээр ил бичигдэхээ больсон. Үүнтэй холбоотойгоор иргэний үнэмлэхний лавлагаа эндээс гарч байгаа. Улсын бүртгэлийн бүх төрлийн үйлчилгээний төлбөрийг тушаана. Банк руу явахгүй гэсэн үг. Мөн иргэний үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн тохиолдолд энэ машинаар захиалж болно. Хуулийн хугацаандаа буюу ажлын тав хоногт гарна. Гадаад паспортын зургаан киоск машинаар илгээх боломжтой гээд нэг цэгээс бүх үйлчилгээгээ авч буйгаараа давуу талтай” хэмээв.
Өнөөдөр нийслэлчүүдийн маань ажил амьдралын хэв маяг бүгдээрээ нэг цагт эхлээд нэг цагт тарж байна. Эмч хүн байлаа гэж бодоход өвчтнөө орхин явах боломжгүй, яалт ч үгүй ажлаа тараад л паспорт захиалахаар байлаа гэж бодъё. Гадаад паспорт яаралтай хэрэгтэй байдаг. Гэтэл улсын бүртгэл маань мөн ялгаагүй төрийн алба учраас 17 цагт тараад явчихна. Ингэхээр маргаашийн ажил дундуураа гарах эсвэл дарга удирдлагаасаа чөлөө зөвшөөрөл авах болно. Гараад автозамын түгжрэл эхэлнэ гээд бөөн асуудалтай нүүр тулах болдог. Харин энэ цахим төв маань долоо хоногийн турш 24 цагаар ажиллаж байгаа учраас тэр завгүй иргэдэд маань зориулагдсан гэлтэй. Мөн хөдөө, орон нутгаас ирсэн иргэд газар мэдэхгүй төөрөхгүйн зовлон үгүй хэзээнээс мэддэг Зуун айлын Иргэний бүртгэлд очоод л болох юм байна. Ажлын цагаар ажлаа алдан түгжрэл дунд бухимдаж явах шаардлага ч огт байхгүй. Ажлын дараа, өглөө эрт, орой, амралтын өдөр хэзээ ч зориод ирсэн нээлттэй.
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр хэлэхдээ “Улсын бүртгэлийн байгууллагын үйлчилгээ иргэдэд улам ойртож байна. Одоо 24/7 цахим үйлчилгээний төв нээгдсэнээр иргэд ямар ч дараалалгүй, цагийн хязгаарлалтгүй, заавал бүртгэлийн ажилтантай уулзахгүйгээр иргэний үнэмлэх, гадаад паспорт, төрсний гэрчилгээ гээд олон үйлчилгээг цахимаар авах боломжтой боллоо. Дээр нь, энэ төвөөс гадна явуулын хөдөлгөөнт үйлчилгээг нэвтрүүлж байна. Энэ нь бүртгэлийн байгууллага дээр ирэх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай хүмүүс дээр манай бүртгэлийн байгууллага өөрөө очиж үйлчилдэг болж байна” гэж мэдэгдлээ.
Ингэснээр өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, алслагдсан газарт оршин суугч, цэргийн анги, эмнэлэг, хил хязгаар шинэ суурьшлын бүсэд ажил мэргэжлийн онцлог байдлаас шалтгаалан төрийн үйлчилгээг авч чадахгүй байгаа иргэдэд төрийн үйлчилгээг авах нөхцөл боломжийг бүрдүүлэх юм.
Г.Ганчимэг
Сэтгэгдэл ( 0 )