Монголын эдийн засгийн чуулган - “ Бүсийн хөгжил” өнөөдөр /2024.02.02/ хоёр дахь өдрөө Улаанбаатар хотноо үргэлжилж байна. Тус форумаар Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын болон холбогдох хууль тогтоомжид орох төслийн талаар танилцуулж, засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн болон холбогдох байгууллагын саналыг тусган хэлэлцүүлэх юм. Монгол Улс 2001 онд бүсчилсэн хөгжлийн бодлого боловсруулахдаа 4 бүсэд хувааж байсан бол энэ удаад говь, хангай, зүүн, баруун, төв, хойд гэж 6 бүсэд хуваажээ. Ингээд “Хойд бүсийн хөгжил”-ийг Орхон, Булган Хөвсгөл аймагт тулгуурлан хөгжүүлэх ба эрдэмтэд, нутгийн иргэдийн санал, судлаачдын гаргасан дүгнэлтэд тулгуурлан боловсруулалт хийгдсэн байна. Энэ үеэр Зүүн бүсийн аймгийн нэг Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнтэй түр ярилцсан юм.
Тэрбээр "Монгол Улсын Засгийн газар болон Ерөнхий сайд их ач холбогдол өгч байгаа гэдгээ чуулганы нээлтийн үеэр илэрхийлсэн. Улс төрийн сонгууль анх удаа бүсчилсэн хэлбэрээр явагдах гэж байна. Ардчилсан Монгол улсын хувьд парламентийн гишүүд нэмэгдэнэ. Дээр нь бүс нутгийн улс төр эдийн засгийн цар хүрээтэй ажиллахаар болж байгаа чухал гэж бид олзуурхаж хүлээж авч байгаа юм. Яагаад гэвэл бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал бол олон жил байсан хэдий ч цаасан дээр байх төдий байсан. Тэгвэл одоо улстөрийнхөө бодлоготой уялдаад эдийн засгийн бодлого нь цаашаа явахаар болж байна. Өөрөөр хэлбэл, манай зүүн бүс нутаг гэхэд анхнаасаа Сэцэн хан гээд нэг аймаг байсан. Зүүн бүсийн хувьд олон боломж байгааг бид ярьдаг, одоо аж ахуй иргэдэд ашигтай байхаар шийдвэрүүд гарна гэдэг хүлээлттэй байна.Бүсчилсэн сонгуулийг анх удаа явуулж байгаа ч гэсэн сонгуулийн дараа тодорхой үр дүнгүүд гарна гэдэгт итгэлтэй байна" гэлээ.
ВИДЕОГ ҮЗЭХ:
Сэтгэгдэл ( 0 )