Чамд боломж байна, БҮСГҮЙ МИНЬ

2024 оны 02 сарын 07

Өөрийн гэсэн брэндтэй, хийсэн бүтээлтэй, бүсгүйчүүдийн дунд нэр хүндтэй олны танил буюу одоогийн бидний ярьдгаар “Од” бүсгүй хорт хавдар тусаад хэрхэн тэмцэж байгаа талаараа өөрийн цахим хаягаараа хуваалцаж байгааг үзээд сэтгэл хөндүүрхэн өглөөг эхлэв.

Хавдар, хавдар, хавдар гэдэг аймшигтай тэмцэж ч амжилгүй газар дээрх ганц ахыгаа алдчихсан миний хувьд энэ бол “дотно” санагдах сэдэв л дээ. Хавдартай гэдгийг нь мэдээд удаагүй байх үед дэлхий дахиныг өмнөө “сөхрүүлж” чадсан Ковид-19 цар тахал, хөл хорионы үе таарч, гадагшаа явах нь битгий хэл дотооддоо ч эмчлүүлэхэд нөхцөл боломж нь уналтад орсон байсан үе таарсан учраас ахад минь тэмцэх боломж, цаг хугацаа олдоогүй. Хамгийн сүүлийн удаагаа уулзаж байгаагаа үл мэдэх тэр нэгэн өдөр ах минь “Одоо л би амьдармаар санагдаж байна. Ажил ажил гэж гүйж явсаар амьдрахаа мартаад хайртай бүхнээ орхиод явах болчихвий дээ. Эрүүл мэнд нэгдүгээрт гэдэг чинь зүгээр үг биш байж, үйлдэл болгох минь яав даа, өөрийгөө хайрлаж чадаагүйдээ харамсаж сууна” гээд ихэд халаглаж билээ. Түүнээс хойш эрүүл байна гэдэг нь хайртай хүмүүсээ хайрлаж байгаа хайрын дээд юм байна гэдгийг ойлгуулаад орчлонгоос буцчихсан ахыгаа бодох тусам зүрх шимширдэг. Гурван жил гучин жил шиг санагдах “хар дарсан” өдрүүдэд аав, ээж минь санахын зовлонгоор тарчилж, ганц хүүгээ санан чимээгүйхэн мэгшиж, эхнэр нь гурван сайхан хүү нь наашаа харж инээж, цаашаа хараад гунигийн далайд “живж”амьдарч байгаа. Энэ бол зөвхөн нэг бүлийн ард байгаа хүмүүсийн дүр зураг.

Харин чамд хайртай хүмүүсээ санахын зовлонгоор “тарчлаахгүй” байх боломж, цаг хугацаа байна бүсгүй минь. Хавдар гэдэг өвчний хэддүгээр үе шат дээр нь ч очсон байсан гэсэн итгэлээ битгий алдаарай. Чиний ард бат зогсож байгаа хайртай бүхнээ бодоод, өдөр бүр тэмцээрэй. Хавдартай тэмцэж байгаа мянга, мянган гэр бүлд, хүмүүст хавдар эдгэдэг гэдгийг батлан харуулаарай. Чамайг дагадаг, чамайг дэмждэг, чамд итгэдэг, чамайг хайрладаг зүрх бүхний төлөө хүчтэй байгаарай.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нүдээ нээ(202.9.40.39) 2024 оны 02 сарын 07

Эрүүл байна гэдэг нь хайртай хүмүүсээ хайрлаж байгаа хайрын дээд юм.

0  |  0
Top