Махан хоолыг шингээх СМҮҮТИ бэлтгэх 5 ЖОР

2024 оны 02 сарын 12

Цагаан сарын баярын өдрүүдэд бид бууз, мах, сүүтэй цай зэрэг олон хүнсийг зэрэг хэрэглэдэг. Хэтрүүлж идэх болон зарим бүтээгдэхүүний хадгалалтын горим алдагдсанаас болж гэдэс ходоод хямрах нь ч бий. Ийм үед махан төрлийн хоолыг хурдан шингээж, хордлого тайлах цай, смүүти бэлтгэх жороос хүргэе.


 Цагаан гаа, нимбэг, зөгийн балны холимог 

Өвлийн улиралд таны дархлааг дэмжиж, хордлого тайлж, ханиад томууг дарах шидтэй энэхүү амтат смүүтийг бэлтгэхэд маш хялбар. Нимбэг, цагаан гаа, зөгийн бал гурвыг аваад л болоо. Нэг ширхэг нимбэг, түүний тал шиг хэмжээтэй цагаан гааг хольж миксерд. Махны машинаар жижиглэсэн ч болно. Энэхүү холимог дээрээ зөгийн балаа хийж хутгаад л болоо. Зөгийн балаа та өөрийнхөө хүссэнээр нэмээрэй.

Холимогоосоо өдөрт нэг халбагыг ид. Эсвэл цайнд хийж ууж болно. Харин ходоод нь өвддөг, шархтай хүмүүст тохиромжгүй.

Гадил, жүрж, ногоон цайтай смүүти 

Ногоон цай нь хоол шингээж, хордлого байвал гадагшлуулж, бие махбодийг цэвэрлэх үйлчилгээтэй.

Нэг ширхэг жүрж, тал нимбэгийг хальслаад аяга ногоон цай, нэг ширхэг гадил, халбага зөгийн бал нэмж миксердэнэ.

Манготой смүүти

Энэ жимсний сайхан амт нь танд эрч хүч өгнө. Хүнд хоолыг хялбархан шингээх энэхүү холимогийг бэлтгэхэд 250 гр ханборгоцойн шүүс, нэг аяга хөлдүү тараг, арилгаж хэрчсэн нэг ширхэг манго, нэг гадил болон мөс хэрэгтэй. Эдгээрийг хольж миксердээд л болно.

Цатгалан байлгадаг смүүти

Та өглөөд энэхүү смүүтийг ууснаар өдрийн хоол хүртэл өлсөхгүй. Байнга ямар нэгэн зүйл идэж байдаг хүмүүс энэ смүүтиг уугаад жиеийн жингээ хасч чадсанаа ч хуваалцсан байдаг. 

Нэг аяга тослог багатай тараг, нэг гадил, ½ аяга жүржийн шүүс, зургаан ширхэг хөлдүү гүзээлзгэнийг хольж миксердээд өглөө ууна.

Овъёос, жимстэй смүүти

1/4 аяга овъёос, 1/2 аяга хөлдөөсөн нэрс, 1/2 аяга тараг, 1/2 аяга мөс, 2 хоолны халбага элсэн чихэр, 1/4 цайны халбага цагаан гаа хэрэгтэй. Овъёосоо блендерт хийгээд 1/2 аяга ус нэм. Бэлэн болсон холимгоо 15 минут амрааж зөөлрүүлээд нэрс, тараг, мөс, элсэн чихэр, цагаан гаагаа нэмж сайтар холино.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top