Энэ сарыг дуустал цас орж, ХҮЙТРЭХ төлөвтэй байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 02 сарын 24

Цаг уур, орчны шинжилгээний газраас зудын нөхцөл байдлыг энэ сарын 20-ны байдлаар шинэчлэн гаргасан байна.

Энэ мэдээгээр 13 аймгийн 58 суманд төмөр болон мөсөн зудын нөхцөл үүсчээ. Хэдхэн хоногийн өмнө зургаан аймгийн 23 суманд төмөр зудтай  байсан ч богино хугацаанд  эрчимтэйгээр нэмэгджээ.  Мөн 17 аймгийн 137 сум цагаан зудтай, 18 аймгийн 69 сум, нийслэлийн хоёр дүүрэг зудархуу төлөвт шилжсэн байна.

Цаг агаарын хувьд, өнөөдөр буюу хоёрдугаар сарын 24-нд нутгийн зүүн хэсэгт хүйтний эрч бага зэрэг чангарна.

Хоёрдугаар сарын 25-наас баруун аймгуудаар цас орж эхэлж, 27-ны өдрөөс зүүн болон говийн аймгуудаар цас орж, салхины хүч илүү их нэмэгдэх төлөвтэй байна. Тиймээс энэ үеэр хол замд, тэр дундаа зүүн аймгуудад зорчих  төлөвлөгөөтэй байгаа бол мэргэжлийн байгууллагын зөвлөгөө мэдээллийг сайтар сонсож шаардлагагүй тохиолдолд замд гарахаа түр азнахыг зөвлөж байна.

Урьдчилсан мэдээгээр энэ сарыг дуустал цас орж, хүйтрэх төлөвтэй байгаа бөгөөд 28-29-нд баруун аймгуудаар дахин цас орно. Иймээс зудын нөхцөл байдал улам хүндэрч болзошгүй төлөвтэй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top