БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжуань зудад нэрвэгдсэн малчдад илгээсэн сэтгэлийн хандивыг гардуулав

2024 оны 03 сарын 09

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай  Шэнь Миньжуань Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан хүлээн авалт хийв. Хүлээн авалтад УИХ, Засгийн газрын эмэгтэй гишүүд, нийгмийн зүтгэлтэн эмэгтэйчүүд, дипломатчид, гадаад орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд нарын гэргий нар, сэтгүүлчдийн төлөөлөл оролцов. 

Арга хэмжээг нээж УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, Элчин сайд хатагтай  Шэнь Миньжуань, Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нар үг хэлсэн юм. Элчин сайд хатагтай  Шэнь Миньжуань БНХАУ-ын тал зудад нэрвэгдсэн малчдад сэтгэлийн хандив илгээж байгааг энэ үеэр мэдэгдлээ.

Мөн БНХАУ-аас Монгол Улсын СУИС-д сурч буй оюутнууд монгол, хятад бүжиг, хөөмий, дуу, хөгжмийн чуулбараас бүрдсэн урлагийн тоглолт үзүүллээ.

Монгол орны ихэнх нутагт цас, зудын гамшиг нүүрлэж малчдын амьдрал хүндэрч, малын хорогдол ихээр гарч буй энэ үед БНХАУ-ын Засгийн газраас 200 мянган ам.доллар, ӨМӨЗО-ны Ардын Засгийн газраас 170 гаруй мянган ам.долларын хандив илгээгээд байгаа юм. 

Энэ хандив, тусламжийн талаар “Өглөөний сонин”, ТВ8 телевизийн сэтгүүлчид УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, Элчин сайд хатагтай  Шэнь Миньжуань нартай товч ярилцсан юм.

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа: Хоёр талын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой энэ онд тохионо

-Сая Элчин сайд хатагтай  Шэнь Миньжуань Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаад тусламжийн батламж бичгээ гардуулж өгсөнд баяртай байна. Үүн дээрээ “Саахалт айлын санаа нэг” гэсэн монгол үг бичсэн байсан.

Энэ онд хоёр орны түүхэнд олон баярт үйл явдлууд давхцаж байна. Хоёр талын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой энэ онд тохионо. Мөн Монгол Улс, БНХАУ-ын Иж бүрэн стратегийн түншлэлийн 10 жилийн ой тохиож байгаа. Эдгээрийг тохиолдуулж олон ажил хамтарч хийхээр ярилцаж байна.

БНХАУ-аас Монгол Улсад эмэгтэй Элчин сайд ирж ажиллаж байгаад баяртай байна. УИХ-ын эмэгтэй гишүүдтэй байнга хамтарч ажилладаг, өнөөдөр биднийг урьж хүндэтгэл үзүүлж буйд талахаж байна. Энд Монгол дахь дипломат төлөөлөгчийн газар, НҮБ, бусад олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газруудын эмэгтэйчүүдийн төлөөлөл ирсэн байна. УИХ-ын сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэхэд бид тэдэнтэй олон талаар хамтарч ажилласан.

Сая бид Хятадад ядууралтай хэрхэн тэмцэж, 100 гаруй сая хүнийг богино хугацаанд ядуурлаас гаргасан тухай баримтат кино үзлээ. Эндээс санаа авах зүйлүүд байгааг бид харлаа.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай  Шэнь Миньжуань:

-Энэ жил БНХАУ, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулсны 30 жил, Иж бүрэн стратегийн түншлэлийн 10 жилийн ой, БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ой тохионо. БНХАУ байгуулагдсан он жилүүдэд манай улсад эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь өсөн нэмэгдсээр ирлээ. Цаашид БНХАУ, Монгол Улсын эмэгтэйчүүдийн байгууллага хамтран ажиллаж, туршлага солилцох ажил хийнэ. Хоёр орны эмэгтэйчүүд улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэхэд таатай байна.

БНХАУ, Монгол Улс хоёр бол уул, усаар холбогдсон хөрш орнууд. Бие биедээ гамшиг тохиоход харилцан туслалцаж ирсэн. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үеэр монголчууд манай улсад хонин сүргээсээ бэлэглэн тусалж байсан. Энэ нь “Хонины хариуд цай барья” гэсэн сайхан сэтгэлийн үлгэр жишээг бидний харилцаанд үлдээсэн юм. Монголчууд “Айл хүний амь нэг. Саахалт хүний санаа нэг” гэсэн сайхан үгтэй. БНХАУ-ын Засгийн газар, орон нутгийн муж, дүүргүүд зудын байдалд байгаа Монгол Улсад энэ удаа яаралтай тусламж үзүүлж байна.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Монголд байгаа Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд хандив тусламжид нэгдэж байна. Монгол Улсын Засгийн газар, монголчууд энэ удаагийн зудын гамшгийг даван туулж чадна. Хөрш орны ард түмэн бид та бүхэнтэй сэтгэл нэгтэй байгаа шүү гэдгийг сэтгүүлч та бүхэн Монголын малчдад дамжуулж өгөөрэй гэж хүсэж байна гэлээ. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараа(139.5.217.115) 2024 оны 03 сарын 11

уг мөнгөн тусламж хэрхэн тараагдаж байгаад хяналт тавих ёстой. Учир нь монголыг бүхэлд нь авилгажуулсан нам засаглаж байгаа.

0  |  0
Зангараг(139.5.217.115) 2024 оны 03 сарын 11

Уг манга хэрхэн тараагдаж байгаад хяналтыг ямар байгууллага, хүмүүс хянадаг вэ? Бас хяналтын судалгаа чухал, яагааад гэвэл монголыг бүхэлд нь авилгажсан нам засаглаж байгаа.

0  |  0
mnbvcб(176.66.87.78) 2024 оны 03 сарын 10

Тэгэхэд оросууд дарамталж бензин шатхуунаа тасалж....

1  |  0
Top