Мөнгөн аяганаас мөнхийн ус хүртлээ... 

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2024 оны 03 сарын 15

Тэнгэрт одсон цагаас хойш зүүдэнд хааяахан ирдэг ижийгээ “зүүдэнд дандаа ирээсэй, дүрийг нь харахсан” гэж дандаа залбирдаг юм. Бүр гуйж хүсдэг гээч. Энэ орчлонд мэндэлсэн өдрөө угтаж, бурханд мөргөж гуйлаа, ижийнхээ сүү өргөдөг байсан долоон бурхан одонд мөргөж гуйлаа. Гэтэл миний хүслийг сонссон юм шиг ижий минь үүрээр зүүдэнд ирэв. Ирэхдээ “Бүжин туулай ирж мөнгөн аягатай мөнхийн ус өгнө” гэв ээ. Багадаа унтах гээд орондоо орсон атлаа “Ам цангаад байна ус ууя” гэж уйлагнахад тэгж хэлдэг байсан юм. Тэгээд нам унтчихсан байдагсан. Туулай ирж ус өгсөн, эсэхийг бүү мэд. Өглөө сэрээд асуухад ижий минь “Туулай ирээ биз ээ” гэдэгсэн.

Заримдаа таагүй зүүд зүүдэлж уйлж дуулж ижийгээ айлгадаг байлаа. Ижий тэгэхэд "Хүнд учрах сайн, муу элдэв учрал тохиолын зарим нь зүүдээр учраад өнгөрдөг гэнэ лээ, зүгээр" гэх. Хэн танд ингэж хэлсэн бэ гэхээр "Аав минь тэгж хэлдэг байсан" гэдэг сэн. Ээжийн аав, миний хувьд энэ мэт үлгэр домог шиг яриа сургаар мэдэхээс зүсийг нь хараагүй өндөр өвөө минь 1900-гаад онд төрсөн Пүрэв гүний хошууны Очир зангийн бага хүү, тайж гаралтай Самдан гэж хүн байсан гэнэ лээ. Гурван настайгаас далдыг харж, түүнийгээ хэлж олныг гайхшруулсан, 10-аад наснаас гарынхаа алгыг харж мэргэлж түргэлсэн нэгэн гэнэ лээ. Тэнгэртэй харилцаж, бороо хорьж бас оруулж явсан ч гэлцдэг. Айлууд эсгий хийхдээ урьж тогоо тавьж сархад барьж, бороо хариулгаж ажлаа амжуулдаг байсан гэнэ лээ. Ижийнхээ энэ мэт хуучийг сонссон болохоор би өвөөгийн хэлсэн тэрхүү учрах алив сайн, муу бүхний зарим нь бодитоор учирч, зарим нь зүүдэнд болоод өнгөрчихдөг гэдэгт нь итгэдэг байлаа. Одоо ч  итгэсээр. Гэхдээ зүүдээ зөв тайлахаас биелэх эсэхийн заяа бүрэлдэх юм болов уу. Мөнгөн аяганаас мөнхийн  ус хүртлээ...

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
M.U.E Hurelsuh(124.158.68.148) 2024 оны 03 сарын 15

Uvuutei baij uzeegui ch aav mine tegdeg bsaan:) OGC

0  |  0
Ddavaa(202.21.107.57) 2024 оны 03 сарын 15

Zugeer l Magen tsugtsend neg udaa Zulu barichih daa

0  |  0
Ц(103.57.95.143) 2024 оны 03 сарын 15

Аав минь бас тэгж хэлээд унтуулдаг байсан..ц

0  |  0
Top