Малчдын зээлийг тэглэх талаар Монголын Малчдын нэгдсэн холбооноос мэдээлэл хийлээ.
Тэд "Нэг малчин дунджаар 5-30 сая төгрөгийн зээлтэй байдаг. Ингэхдээ банк зээлийн эрсдэлийн даатгал, индексжүүлсэн даатгал гэсэн хоёр даатгал төлдөг. Одоогийн нөхцөлд зээлийн эрсдэлийн даатгалыг төлүүлэх боломжтой ба бид уг ажлыг эхлүүлсэн. Барьцаалсан мал маань зудад нэрвэгдсэн тул банктайгаа хамтарч ажиллах боломж байна.
Тиймээс зээлтэй малчид эрсдэлийн даатгалаараа төлүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл татвар төлөгчид, төр засаг, арилжааны банкаас ч биш эрсдэлийн даатгалаасаа мөнгө авах боломжтой.
Зээлийг хойшлуулсан боловч малгүй болсон малчид нэгэнт амьжиргааны эх үүсвэргүй болсон тул хойшлуулах биш зээлийг тэглэх боломж байгаа эсэх талаарх хүсэлт байна. Мөн Иргэний тухай хуулийн 222.2-т зааснаар хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заажээ. Үүнийг Дээд шүүхийн тайлбарт "Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлс, байгалийн гамшгийг хэлнэ" гэж заажээ. Тиймээс зээлтэй малчид өөрсдөөс шалтгаалахгүйгээр зээлээ төлөх боломжгүй болсон. Малчид маань сэтгэл санаагаар унасан, хэцүү байна. Тиймээс төр засаг маань малжуулах ажлыг цаг алдалгүй авах хэрэгтэй байна. Мөн зээл тэглэх ямар арга чарга, боломж бололцоо юу байна түүнийгээ хэрэглэнэ үү хэмээн гуйж байна" гэв.
Сэтгэгдэл ( 0 )