Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг галт зэвсэг ашиглан зогсоожээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 12

 

Өчигдөр буюу 3 дугаар сарын 11-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн этгээд хүний биед зэвсгийн чанартай зүйл ашиглан халдсан хэрэг гарчээ. Энэхүү хэргийг таслан зогсоох зорилгоор цагдаагийн алба хаагч агаарт хий буудан гэмт хэргийг таслан зогсоожээ. 

Энэ тухай цагдаагийн байгууллагаас "Цагдаагийн байгууллагад 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 20:55 цагийн үед иргэн Ш /эр,23/ нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ найз Э /эр,27н/-тэй маргалдан зэвсгийн чанартай зүйл ашиглан биед нь гэмтэл учруулсан дуудлага, мэдээллийн дагуу очсон цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн үйлдэл гаргасан тул Цагдаагийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.5 дахь хэсгийг үндэслэн тухайн этгээдийн үйлдэлд сануулга өгч, агаарт хий буудаж, тухайн этгээдийн аюултай үйлдлийг таслан зогсоож, саатуулсан ба хохирогчид эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлсэн.

Хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан, заналхийлэхээр зэвсэглэсэн этгээдийн үйлдлийг цагдаагийн алба хаагчид энгийн аргаар таслан зогсоох боломжгүй нөхцөл байдалд галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэж дахин хохирол учруулахаас таслан зогсоох эрхтэй.

Иймд архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс татгалзаж, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг зөвлөж байна" гэх тайлбар мэдээлэл өглөө. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top