ЗТХЯ | Хэмжээ хэтэрсэн, задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг ТҮР ЗОГСООНО

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 14

 

ЗТХЯ-нд Зөвшөөрөх хэмжээнээс хэтэрсэн задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг энэ сарын 20-ноос 4-р сарын 20-н хүртэл түр хугацаагаар зогсоох болсонтой холбогдуулан тус яамнаас мэдээлэл хийлээ. 

Энэ тухай ЗТХЯ-ны Авто замын бодлого зохицуулалтын газрын засвар арчлалт хариуцсан хэлтсийн дарга Ц.Эрдэнэ-Очир "Зөвшөөрөх хэмжээнээс хэтэрсэн задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг энэ сарын 20-ноос 4-р сарын 20-н хүртэл түр хугацаагаар зогсоож байна. Учир нь хавар, намрын хөлдөлт гэсэлт явагдаж буй энэ үед авто замын ачаалал даах чадвар буурч, эвдрэл гэмтэл ихээр гардаг. 

Цаашид манай замуудын сүлжээ уртсахаас гадна өмнө баригдсан замуудын насжилт жил болгон нэмэгдээд явж байгаа учир бид стандарт норм, нормативийнхаа хүрээнд 6-8 жил тутамд ээлжит засвар, 10-12, 15 жилийн дотор их засварын ажил хийж байх ёстой. Тэгж байж замуудын маань бүрэн бүтэн байдал хадгалагддаг. Гэтэл бид өнгөрсөн жилийг хүртэл их засвар, ээлжит засварын ажилд хөрөнгө төлөвлөж чадаагүйн улмаас замын бүрэн бүтэл байдал алдагдсан. Улаанбаатараас 4 зүгт гарч байгаа замууд хамгийн түрүүнд баригдсан 20, 30 жилийн настай замууд байгаа. Эдгээр замууд дээр их засвар, ээлжит засварын ажлуудыг хийж чадаагүй. Шинэ зам барихаасаа илүүтэй одоо байгаа хамгийн өндөр ачаалалтай замуудад засвар хийх шаардлагатай байна. 

Бид дэлхийн банкны санхүүжилтээр 361 км замыг засахаар гэрээ байгуулсан. Энэ жил энэ ажлуудаа эхлүүлж, тодорхой болгоно. Цаашид жил бүр ээлжит болон их засварын ажил хийнэ. Өнгөрсөн жил үер усны асуудал нэлээн асуудал учрууллаа. Өвлийн хувьд, цас цасан шуурганы хэмжээ их байсан.  

Өнгөрсөн жил авто замын арчилгаа засварлалтад 56 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Бидний тооцоолсноор 113 тэрбум төгрөг шаардлагатай байна. Өнгөрсөн жил анх удаа зам засварын арчлалтад 35 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Үүнд тэмдэг тэмдэглэгээг засах, авто замын жижиг нүхийг бөглөх зэрэг ажлууд багтдаг.  

Аюултай ачааны төрлийг олон ангилдаг. Харьяалал нь өөр өөр байдаг учраас ачаа тээвэрлэсэн машинууд дүрэм журмын дагуу ачаа тээвэрлэн явах боломжтой. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top