Нөөцийн мах нийслэлийн есөн дүүргийн 372 хүнсний дэлгүүрээр худалдаалагдаж байна

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 18

 

Нөөцийн махыг 2024 оны гуравдугаар сарын 11-нээс үхрийн ястай мах 11350 төг/кг,  хонины ястай мах 8900 төг/кг, ямааны мах 6700 төг/кг үнээр нийслэлийн есөн дүүргийн 372 хүнсний дэлгүүрээр худалдаалж эхэлсэн. Өнгөрсөн 12-р сард 8000тн мах нөөцөлнө хэмээн төлөвлөж байсан бөгөөд уг ажлыг долоон аж ахуйн нэгж гүйцэтгэн нийт 6337.5 тонн мах бэлтгэжээ. 

Махны хангамж, нийлүүлэлтийн хомсдол үүсэх, өрсөлдөөнийг хязгаарлах, үнийн хөөрөгдөл бий болохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар анхаарал хандуулан ажиллаж байгаа бол нөөцийн махны нийлүүлэлт, түгээлт, борлуулалтын үе шатанд чанар, аюулгүй байдлын хяналт тавих ажлыг Мал эмнэлгийн ерөнхий газар хариуцан ажиллаж байгаа тул нөөцийн маханд ямар нэгэн асуудал байхгүй тухай холбогдох албанаас мэдээлсэн. 

 

 

Иргэд нөөцийн мах худалдаалагдаж байгаа тухай мэдээлэл дутмаг байгаан улмаас худалдан авалт өнгөрсөн оныхоос муу байгаа тухай худалдаа эрхлэгчид онцоллоо.

Энэ жилийн хувьд аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зардал өссөнтэй холбогдуулан нөөцийн үхэр, хонины махны үнэ мөн кг тутамдаа 700 төгрөгөөр нэмэгджээ. Гэсэн ч энэхүү дүн нь гадуур худалдаалагдаж байгаа үнээс даруй 2000-4000 төгрөгөөр хямд байна. 

 

Нөөцийн махны чанар, стандарт хэрэглэгчдийн анхаарлыг ихээр татдаг. Энэ удаад иргэдэд нийлүүлж буй нөөцийн мах стандартын хувьд өмнөх жилүүдийнхтэй ижил байгаа тухай иргэд ярьж байна. 

 

Нөөцийн мах худалдаалж буй цэгүүдийн байршил

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top