“ULAANBAATAR PHOTO WEEK-2024” үзэсгэлэн нээлтээ хийлээ

Автор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 19

Монголын  гэрэл зурагчдын шилмэл бүтээлүүдээр бэлтгэсэн “Улаанбаатарын гэрэл зургийн өдрүүд” үзэсгэлэн  өнөөдөр /2024.03.19/ нээлтээ хийлээ.

Гэрэл зураг нь шинжлэх ухаан, үйлдвэрлэл, бизнес, дүрслэх урлаг, соёлын бүтээл болохыг харуулсан энэхүү цогц арга хэмжээ нь долоон өдрийн турш үргэжлэн гэрэл зураг сонирхогч, үзэгчдийн мэлмийг гийлгэж, сэтгэлийг баясган  урлаг, гоо зүйн таашаал, эрэлт хэрэгцээний богцыг нь дүүргэхийг зорьж буй.

Сэдэв хязгааргүй, гэрэл зургийн бүхий л төрөл жанраар харуулж буй уг үзэсгэлэнд тавигдсан гэрэл зургууд нь гэрэл зурагчны оюун тархи, зүрх сэтгэлээс урссан өнгө будаг, уран санаа, дуранд туссан амьдралын өнгө, баримт, гэрэл сүүдэр нь технологийн дэвшил, арга хэрэгсэл, хүчин чадалтай хэрхэн хосолж бүтсэнийг  харуулах юм.

Өдөржин гадаа хөврөх, хөлхөх бидний амьдралын өнгө төрх, хэмнэл, араншинг буулгасан “Street photo” залуусын бүтээл, цаг хугацаа, үзэгдэл, үйл явдал, баримт, нотолгоот мэдээлэл түгээгч хэвлэлийн гэрэл зурагчдын бүтээл, хараа булаан гайхуулдаг байгалийн гэрэл зураг, нүүдэлчдийн соёл ахуй гээд сэдэв үлдээгүй шилдэг гэрэл зургууд дэлгэгдэнэ.

Соёлын яамны дэмжлэг, хамтын ажиллагаатайгаар зохион байгуулж буй  “Ulaanbaatar photo week” үзэсгэлэн арга хэмжээ нь манай улсын хувьд энэ жил хоёр дахь удаагаа зохион байгуулснаар цаашид олон улсын уламжлалт арга хэмжээ болох юм. 

“Улаанбаатар-2024 гэрэл зургийн өдрүүд” Мишээл экспогийн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 19-24-ний өдрүүдэд үргэлжилнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top