Цэргийн хүн болох гэсэн багын мөрөөдөл

2024 оны 03 сарын 20

Хар багын хүсэл мөрөөдөл минь цэргийн хүн болох байлаа. Бүр багадаа хүүхэлдэйгээ хаячихаад буу, онгоц руу тэмүүлдэг нөхөр байсан гэж байгаа юм. Тэгээд аав зөндөө буу авч өгсөн байдаг сан. Манай гэр цэргийн казармаас хэдхэн алхмын зайд. Өглөө дайчид босох чимээнээр сэрч, оройн тооноор унтах бараг тийм амьдралын хэмнэлтэй. Бага ангийн сурагч байхдаа л цэргийн жагсаалын дуунуудыг сурчихсан аялж явах. Аавын захиалдаг тогтмол олон хэвлэлийг бүгдийг уншдаг ч “Улаан Од” сониныг илүү шимтэн харна. Эмэгтэй дайчидтай хэсгийг бүр илүү шохоорхоно. Цэргийн холбоочин болох гэж физикийн дугуйланд явна. Ангийн нөхдийн маань миний дурсгалын дэвтэрт үлдээсэн зүйлсийг эргэн харахад бүгд л цэргийн хүн болсноор төсөөлөн бичсэн байдаг. Арваа төгсөв. Ангийн багш цэргийн дээдийн шалгалт авч байсан багш дээр дагуулж очив. Тэр үед эмэгтэй хүүхэд цэргийн сургуульд авдаггүй байсан тул “Дээд сургуулиа төгсөөд цэргийн хүн болоорой” гэсэн.

МУИС-ийн оюутан байхад Иргэний хамгаалалтын хичээлээр буу задлах угсрах, утаан дундаар багтай гүйх, саадтай гүйх, улаан ногоон пуужингаар тарах цугларах дадлага хийлгэнэ. Түүнд маш дуртай. Тахилтын аманд 10 хоногоор дадлагад гаргадаг байсан юм. Шөнө харуулын ээлж таарч, автомат буу цээжиндээ барьчихаад байрлалаа эргэж явахад мөн ч гоё доо. Харуулд дургүй найз нараасаа би улиръя гэж гуйна. Шөнө түргэн жагсаал авч, хувцсаа хагас дутуу эгэлдрээд, майхны гадсанд тээглэж унаад гүйж явах ч гоё. МУИС төгсдөг жил цэргийн хүмүүс ирж төгсөгчдөөс авч таарав. Нуруу намхан гэж гологдов.

Сүүлд Удирдлагын академид мөн л цэрэгжлийн хичээл орж Хужирбуланд полигонд гарч буудаж, байлдааны машинуудтай танилцаж, автомат үүрч жагсаж, буу угсарч задлаж шавайгаа хангадаг байв. Мөрөөдөл биелнэ гэгчээр сүүлд төрийн байгууллагад ажиллахдаа улирал бүр шахам цэргийн бэлтгэл хийж Сэлэнгийн Номт, Тавтын заставуудад торгон хил дээр гарч, хилийн шугамаас заставын төв рүү араасаа машинаар хөөлгөн жагсаалаар гүйж хужирхай тэнийнэ гэдэг болдогсон. Биелээгүй ч гэсэн гэнэн багын мөрөөдөл минь цэргийн л хүн болох байсан тул цэргийн жагсаал харах, цэргийн чуулгын дуу сонсохоороо зүрх амаараа гарах шахдаг хуучтай хэвээрээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн 1(66.181.186.26) 2024 оны 03 сарын 20

Цэргийн алба хааж байгаа бүсгүйчүүдийг хараад өөрийн эрхгүй омогшиж бахархдаг, огшдог шүү. Эх орныхоо төлөө тангараг өргөсөн бүсгүйчүүдийн яруу алдар сүр жавхлан бадартугай.

0  |  0
Top