АНХААР | Бямба гарагаас ихэнх нутгаар хүйтэрнэ

2024 оны 03 сарын 20

 

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр ойрын хоногуудад буюу 3 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд нийт нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байх боловч 3 дугаар сарын 22-ны өдрөөс баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 23-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, салхины хурд 20 м/с хүрч ширүүсч цасан шуурга шуурч, 23-ны өдрөөс ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна.

 

2024 оны 03 дугаар сарын 25-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

 

21-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 24-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар нойтон цас, цас орно. 22-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 23-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 22, 23-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр, зарим үед секундэд 20 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -5...-10 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -13...-18 градус, өдөртөө 0...-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +12...+17 градус дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +7...+12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -7...-12 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан байна. 23-наас ихэнх нутгаар хүйтэрнэ.

 

Иймд иргэд, малчид, тээврийн хэрэгслийн жолооч нарт анхааруулахад

 

  • Малаа ойрын бэлчээрт бэлчээж, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх;
  • Онц шаардлагагүй тохиолдолд хол ойрын замд зорчихгүй байх;
  • Зайлшгүй шаардлагаар зорчих тохиолдолд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, шатахуун, дулаан хувцас, хоол хүнсний нөөцтэй явах, бага насны хүүхдийг авч явахгүй байх;
  • Баталгаагүй зам, гүүр гарамгүй газраар зорчихгүй байх;
  • Гол, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байх;
  • Цаг агаарын мэдээг тухай бүр хүлээн авч, мэргэжлийн байгууллагын гаргаж буй зөвлөмжийг дагаж мөрдөхийг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top