Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хөлийн голын дагуу суурьшсан айл өрхийн гэр, байшин, аж ахуйн нэгж, байгууллагуудын хашааг шар усны үерт өртөх эрсдэлээс сэргийлэх, хариу арга хэмжээг мэргэжлийн байгууллагууд зохион байгуулан ажиллаж байна. Энэ хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газар, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтэс, Геодези, усны барилга, байгууламжийн газрын нийт 32 албан хаагч 13 техниктэйтэйгээр Хөлийн голын орчимд 2 метр өргөн, 600 метр суваг, шуудуу татаж, урсцыг нэмэгдүүллээ.
Тухайн байршилд 30 гаруй айл өрхийн шар усны үерт өртөх эрсдэлийг бууруулж, шар усны үерээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, зөвлөмжийг хүргэн, найман айлыг нүүлгэн шилжүүлж, хоёр өрхийн найман иргэнийг “Шижир” амралтын газарт шилжүүлэн байрлуулаад байна. Мөн тус дүүргийн ерөнхий боловсролын 126 дугаар сургуулийн орчимд тогтсон усыг хоёр автомашинаар соруулж, 40 гаруй тонн усыг зөөвөрлөв.
Хонхор өртөөний төмөр замын нүхэн гарцаар шар усны үерийн ус урсаж иргэд, оршин суугчид явган болон суудлын автомашинтай зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Багануур, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн эрсдэл бүхий 21 хорооны нийт 3780 айл өрхөд шар усны үерээс урьдчилан сэргийлэх, цас мөсөө цэвэрлэх, шуудуу татах, далан босгох зөвлөмж, сэрэмжлүүлгийг өдөр бүр хүргэн ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )