Японы засгийн газар малчдад цахилгаан үүсгүүр, усны сав, дулаан хөнжил хандивлав

2024 оны 03 сарын 25

Япон улсын Засгийн газар, Монголд нүүрлээд буй зудын гамшигт өртөж, эд хөрөнгө сэтгэл санааны хохирол учирсан малчдад туслахаар хандив илгээжээ. Хандивыг тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү, ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын төлөөллийн хамт гардуулан өгөв. Элчин сайд Игавахара Масарү "Малчид зудад нэрвэгдэж их хэмжээний малаа алдаж их хэмжээний хохирол амсаж байгаа. Цаашид хохирол бага учраасай гэдэг зорилгоор Японы Засгийн газар тусламжийн бараа илгээсэн. Энэхүү тусламжийн барааг богино хугацаанд Монголд ирэхэд туслалцаа үзүүлсэн ЖАЙКА олон улсын байгууллага болон хамтран ажилласан Онцгой байдлын ерөнхий газар, Улсын онцгой комисс, УОК-ийн Шуурхай штабынханд баярлалаа. Япон-Монголын ард түмэн хүнд хэцүү цагт бие биедээ тусалсаар ирсэн. Энэ нь хоёр орны харилцааны гол тулгуур юм. Бид малчдад ямар тусламж хэрэгтэй талаар Онцгой байдлын байгууллагаас асууж судлаад, цахилгаан үүсгүүр, уртасгагч, дулаан хөнжил, ус нөөцлөх сав бэлдлээ. Эдгээр эд зүйлсийг малчдын гарт цаг алдалгүй, шуурхай хүргэж өгөхийг хүсье" гэлээ.

Хандивыг ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр бусад албаны хүмүүстэй хүлээн авав. Тэрээр “Энэ өвөл сүүлийн 50 жил ороогүй их цас орж газар нутгийн 90 орчим хувь нь цасан бүрхүүлтэй олон сар боллоо. Үүний улмаас өвөлжилт хүндэрч өнөөдрийн байдлаар 5.2 сая буюу нийт мал сүргийн 8.1 хувь нь хорогдоод байна. Та бүхний ирүүлсэн тусламж эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэл санааны хохирол амсаад буй малчдын амьдралд дэм болно гэдэгт итгэлтэй байна” гэв. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top