Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Радио, телевиз, сайтын ёс зүйн хорооны энэ оны I улирлын хурал гуравдугаар сарын 14-ний өдөр болж, хоёр гомдол хэлэлцжээ.
Бусдын нэр төрд хамаарах мэдээлэл түгээхдээ эх сурвалжийн тэнцвэрт байдлыг хангах, мэдээллийг баримтжуулах нь чухал
Tsahiur.mn сайт 2023 оны арваннэгдүгээр сарын 23-нд “Шууд: 10 гаруй жил иргэдийг мэхэлж 10-100 саяар нь хохироодог Үзмэрч гэх иргэний үнэнийг дэлгэж байна” гэх гарчигтай ярилцлагыг шууд дамжуулсан байна.
Гэтэл үүнийг нь батлагдаж нотлогдоогүй, хэт нэг талыг барьсан, гүтгэлгийн шинжтэй бөгөөд нэр төрд нь ноцтой халдсан, зураг болон нэр зэрэг хувийн мэдээллийг нь зөвшөөрөлгүй түгээж, олон нийтэд худалч, хулгайч, луйварчин хэмээн ойлгуулах гэж оролдсон хэмээн нэгэн иргэнээс ХМЗ-д гомдол ирүүлжээ. Мөн хүчин болон хүчирхийллийн гэмт хэрэгт шалгагдаж байгаа сэжигтний ямар ч баримт нотолгоогүй, худал үгэнд итгэн хувь хүний нууц болон хүний эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж буйгаа гомдолдоо илэрхийлсэн байв.
Гомдол гаргаж буй иргэн нь редакцын болон сэтгүүлчийн утас руу өөрөө болон бусдаар дамжуулан удаа дараа залган бөөгийн зан үйл, хараал жатга хийнэ хэмээн сүрдүүлсэн учраас Цагдаагийн байгууллагад хандсан тухай редакцын зүгээс хариу тайлбарыг Хэвлэл мэдээллийн зөвлөлд ирүүлсэн аж. Мөн иргэний ирүүлсэн гомдолд цохон дурдсан ёс зүйн зарчмын заалт бүрт тохирох хариу няцаалт, тайлбараа ч редакц ойлгомжтой тайлбарлажээ. Тухайлбал, ёс зүйн алдаа гаргаагүй тухай үндэслэлээ дэлгэрүүлээд шашин шүтлэгээр нь далимдуулан олон нийтийг залилан мэхэлж, хөдөлмөрлөж олсон эд хөрөнгийг нь амар хялбар аргаар өөртөө авах үйлдлүүд хийж буйг иргэдэд сэрэмжлүүлэг болгохоор энэхүү ярилцлагыг хийсэн гэдгээ илэрхийлсэн юм байна.
Ёс зүйн хорооны хуралдаанаар уг гомдлыг нягтлан хэлэлцэх үедээ редакцууд хэн нэгний хувийн харилцаанаас үүдсэн, өс хонзонгийн сэдэлтэй байж болзошгүй мэдээллийг дамжуулахдаа онцгой хянуур хандаж, мэргэжлийн ёс зүйгээ сайтар баримтлах нь зүйтэйг онцлов.
Ингээд tsahiur.mn сайтын редакцыг ярилцлага өгч буй иргэн бусдын нэр хүндэд ноцтой халдах агуулга бүхий мэдээлэл хийж байхад түүний яриаг баримтжуулах, баталгаажуулах үйл ажиллагааг нэмэлтээр хийгээгүй, мэдээлэл хийх эрх чөлөөг бусдад олгосон хэдий ч нягтлан баталгаажуулсны дараа түүнийгээ түгээх нь редакцын үүрэг байсан, талуудын байр суурийг тэгш хангаагүй, илтэд ашиг сонирхлын зөрчилтэй хоёр иргэний нэгэнд давуу байдал олгож, баттай баримт нотолгоогүйгээр шууд дамжуулсан, бусдын нэр хүндтэй холбоотой агуулга түгээхдээ өөр түвшний эх сурвалжийн мэдээллийг оруулаагүй, ярилцлагын дундуур буруутгагдаж буй иргэний гэрэл зургийг хэд хэдэн удаа гаргасан нь хүний эрхийг хамгаалах талаасаа зохисгүй байсан, эрх бүхий байгууллага шалгаагүй, буруутай эсэхийг тогтоогоогүй байтал ноцтой асуудалд буруутгасан нь гомдол гаргагчийн нэр төрд илтэд халтай байсан гэж үзсэн тул “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын 1, 1.1, 1.2, 2.3 дахь заалтуудыг зөрчсөн гэж дүгнэжээ.
Редакц мэдээллээ баталгаажуулж чадсангүй
“Цагдаагийн байгууллагаас Н.Өнөрцэцэгийг өмгөөлж буй бүх өмгөөлөгч дээр хэрэг үүсгэжээ!” гэх мэдээлийг нэгэн сайт албан ёсны фэйсбүүк хуудастаа өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр нийтэлсэн байна.
Гомдол гаргагч тус редакцыг ор тас худал мэдээлэл тараасан, уг мэдээлэл нь ташаа гэдгийг мэдсээр байж өнөөдрийг хүртэл цахим хуудастаа байршуулсаар байгаа, үндэслэлгүй худал мэдээллээр олон нийтийг төөрөгдүүлсэн гэсэн аж. Мөн албаны эх сурвалж буюу Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс тус мэдээлэл худал гэдгийг мэдэгдсээр байхад алдаагаа засаагүй гээд ЦЕГ-ын мэдэгдлийг гомдолдоо хавсаргасан байжээ.
Редакцын зүгээс хариу тайлбарыг Хэвлэл мэдээллийн зөвлөлд ирүүлэхдээ тухайн мэдээллийг өмгөөлөгч Б.Хонгорзулын ярианд үндэслэн бэлтгэсэн гээд видео бичлэгийг мөн хамт ирүүлсэн юм байна.
Ёс зүйн хорооны хуралдаанаар уг гомдлыг хэлэлцэхдээ өмгөөлөгч Б.Хонгорзулын яриаг эх сурвалж болгосон гэж редакц хариу тайлбартаа тайлбарласаныг нягталсан аж. Гэтэл өмгөөлөгч мэдээлэл хийхдээ Цагдаагийн байгууллагаас залгаж, уулзаж тайлбар өгөх үү гэж асуусан тухай л ойлгомжтой хэлсэн бөгөөд хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар огт дурдаагүй байв. Мөн өмгөөлөгч Б.Хонгорзул зөвхөн өөртөө тохиолдсон, болсон явдлын тухай ярьсаар байтал “Цагдаагийн байгууллагаас Н.Өнөрцэцэгийг өмгөөлж буй бүх өмгөөлөгч дээр хэрэг үүсгэжээ!” гэж гарчиглан гурван өмгөөлөгчийн гэрэл зургийг оруулсан, эх сурвалжийн тэнцвэрт байдлыг хангаагүй гэж үзсэн юм. Ингээд редакцыг “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын 1, 1.1, 1.2 дахь заалтуудыг зөрчсөн гэж дүгнэжээ. Харин тухайн мэдээлэлд ам дамжсан яриа, таамаг гэх агуулга байгаагүй гэж үзэн 1.6 дахь зарчмыг зөрчөөгүй гэж үзсэн байна.
Энэхүү материалд дурдагдаж буй “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын заалтууд:
1. “Олон түмэнд үнэнд нийцсэн мэдээлэл хүргэх, хүнлэг ёс, хүн чанарыг эрхэмлэх нь сэтгүүл зүйн эрхэм дээд үнэт зүйл мөн. Мэдээллийг нягтлах нь сэтгүүл зүйн нягт, нямбай үйл ажиллагааны үндсэн зарчим болно”,
1.1. “Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ” гэсэн заалтын “мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулна”,
1.2. “Эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягталж, тодорхой дурдахыг эрмэлзэнэ”,
1.6. “Баталгаагүй мэдээлэл, таамаглал, ам дамжсан яриаг таамаг хэмээн тодорхой дурдана”,
2.3. “Хувийн гэрэл зураг, дүрс бичлэгийг ашиглах тохиолдолд тухайн хүний болон насанд хүрээгүй хүмүүсийн асран хамгаалагчийн зөвшөөрлийг авна”.
Сэтгэгдэл ( 0 )