Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хэмжээнд сүүлийн нэг жилд хийгдсэн ажил, арга хэмжээ, хууль эрх зүйн шинэчлэл, бодлого шийдвэрийн талаарх мэдээллийг танилцууллаа.
Тус салбарын хувьд өнгөрсөн хугацаанд нийгмийн даатгалын тогтолцоог шинэчлэх, нийгмийн халамжийг оновчтой болгох, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, хүн амын хөгжлийг хангах, дундаж давхаргын хүрээг өргөжүүлэн монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэх зорилтын хүрээнд дараах ажлыг хийж хэрэгжүүлжээ.
ХӨДӨЛМӨРИЙН ЧИГЛЭЛЭЭР
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2023 оны IV улирлын байдлаар Монгол Улсад 15 ба түүнээс дээш хөдөлмөрийн насны 2161.5 мянган хүн байгаагийн 1245.6 мянга нь ажиллах хүч, 915.9 мянга нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам байна.
Улсын хэмжээнд хөдөлмөрийн зах зээлийн үндсэн үзүүлэлтүүд ковидоос хойш буюу 2021-2023 онд эерэг үр дүнтэй гарсан. Тухайлбал, 2023 оны IV улирлын байдлаар ажилгүйдлийн түвшин 3.9 хувь болж, 2022 оны мөн үеэс 1.4 пунктээр буурсан бол ажилгүй хүний тоо 48.0 мянга болж, өмнөх оны мөн үеэс 15.8 мянган хүнээр буурсан үзүүлэлттэй гарчээ.
Гэсэн хэдий ч бид хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ялангуяа залуучууд, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтэд онцгойлон анхаарах шаардлага байсаар байна.
Мөн Монгол Улсад 2023-2024 оны хичээлийн жилд 154.4 мянган оюутан техникийн болон дээд боловсролын шаталсан сургалттай, дэд бакалавр, бакалаврын хөтөлбөрөөр суралцаж байна. Оюутнуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, бүтэн бус цагаар ажиллах нөхцөл, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа. Иймд тус яамнаас ажлын бүтэн бус цагаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулан, ажил хөдөлмөр эрхэлж буй оюутан өөрөө хүсвэл тэтгэвэр, ажилгүйдлийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгддөг байх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна.
ХНХЯ халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг хэрэгжүүлэх, ажилгүйдлээс урьдчилан сэргийлэх, ажлын байрыг хадгалах, гарааны бизнесийг дэмжих, ахмад, эмэгтэйчүүд, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зэрэг тусгайлсан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор Хөдөлмөрийн багц хуулийн төслийг боловсруулж байна.
Сэтгэгдэл ( 2 )
15.8 мянган иргэн гадагшаа явсан бөлгөө
Заза