Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн ивээл дор 2024 оныг “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч бүрэлдэхүүн”- ий жил болгон зарласантай холбогдуулан Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн зөвлөл байгуулагдан ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан “Эрдмийн далай” сониныхоо энэ удаагийн дугаарт Дотоод хэргийн их сургуулийн Усан спорт төвийн лаборант, ахлах ахлагч Э.Амарбаярыг онцоллоо.
Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуулийн Усан спортын төв нь тус сургуулийн сонсогч, сургалтыг мэргэжлийн түвшинд зохион байгуулахаас гадна багш, албан хаагчид, ЕБС-ын хичээлийн улирлын амралтаар багш, албан хаагчдын хүүхдүүдийг усан спортоор сургах гээд өргөн хүрээнд үүрэг гүйцэтгэдэг.
Тус төвийн хэвийн үйл ажиллагааг хангахад чадварлаг Онцгой байдлын албанд ороод 2012 оноос 12 жил тууштай ажиллаж байгаа Ахлах ахлагч Э.Амарбаяр нь хүүхэд байхаасаа Туул голын усанд найз нөхөдтэйгээ усанд сэлж тоглож, дунд сургуулиа төгсөхдөө цэргийн хүн болно гэсэн хүсэл мөрөөдөлтэй болж, 2010 онд Зэвсэгт хүчний 326 дугаар ангид цэргийн алба хаажээ. Мөн том ах нь Зэвсэгт хүчний ...дугаар ангид сургагч ахлагчаар ажиллаж байгаад цэл залуудаа зуурдаар нас барсанд харамсаж, ахынхаа ажил үйлсийг үргэлжлүүлнэ гэсэн бодол ч үргэлж санаанд нь байдаг байсан аж. Цэрэгт байхдаа цэргийн эрдэмд суралцан, урлаг, спортын бүхий л үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, “байлдагч” мөрдэс зүүснээ өнөөдрийг бүтээх эхлэл нь болсон гэж бэлэгшээн ярьлаа.
Цэргийн албаа амжилттай хаагаад 2012 онд Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Сургалтын төвд нэг жилийн ахлагч бэлтгэх дамжаанд суралцаж төгсөөд, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай анги, одоогийн Үндэсний аврах бригадад усчин аврагчаар, дэд ахлагч цолтой томилогдон ажлын гараагаа эхлүүлжээ. Энэ хугацаанд албаныхаа төдийгүй Их сургуулийнхаа шилдэг ахлагчдын эгнээг өргөтгөн ажил алба, урлаг спортоор жигдхэн өсөж дэвшин, үндсэн чиг үүргээс гадна зохион байгуулж байгаа олон нийтийн бүхий л үйл ажиллагаанд чин сэтгэлээсээ хандан ажилладаг, аврагч хэмээх мэргэжлээрээ бахархдаг албан хаагчдын нэг болон төлөвшжээ.
Томилогдсон цагаасаа мөрдэс нэгтэй албан хаагчдаасаа усанд сэлэх, аврах багаж хэрэгсэл тоног төхөөрөмжүүдтэй суралцаж, туршлага сууж, мэргэжлийн уралдаан тэмцээнд тогтмол оролцож, өөрийгөө сорьж, Онцгой байдлын улсын аварга шалгаруулах тэмцээн, бүсүүдийн ааврга шалгаруулах тэмцээнд өврөөр даллах сэлэлтээр улсын аварга хошой мөнгөн медаль хүртэж байжээ. Мөн Монгол Улсын мастеруудын усан сэлэлтийн улсын аварга шалгаруулах уралдаандаанаас алт, мөнгө, хүрэл медаль хүртэж, амжилтаас амжилтаа ахиулж ирсэн бахархам түүхийн эзэн юм.
Зуны амралтаараа гол устай газар амарч явахдаа мэргэжлийн онцлог, албаны чиг үүргээ байнга хэрэгжүүлж, хүмүүст сэрэмжлүүлж, элдэв осолт орохоос урьдчилан сэргийлж байхыг захиж сануулдаг тухайгаа ярьлаа. 2017 онд л гэхэд гэр бүлээрээ амарч байхдаа гурван ч хүний амь нас аварчээ. Хүмүүс согтуудаа усанд сэлэх, хүүхдүүдээ анхаарал болгоомжгүй орхисноос үерлэсэн голд усанд живчихсэн тохиолдол цөөнгүй гардаг тул болгоомж гэдэг үг түүний хувьд алба, амь гэлтгүй үргэлж зүрх сэтгэлд нь байдаг аж.
Ялангуяа “Буцалтгүй нэрвэгчид” хэмээн нэрлэдэг осолдсон хүмүүсийг уснаас гаргах чиг үүргийг хэрэгжүүлэхдээ гэр бүлийн хүмүүсийнх нь нэгэн адил сэтгэл зовниж явдаг тухайгаа ярьлаа. Ахлах ахлагч Э.Амарбаяр багшийн хамгийн анхны дуудлага 2013 онд Увс аймгийн Хяргас суманд очиж, буцалтгүй нэрвэгчид буюу осолдсон хүмүүсийг уснаас олох үүрэг байжээ. “Бидний ажлын бас нэг өвөрмөц онцлог юм даа.
Чиг үүргийнхээ хүрээнд ийм хүнд нөхцөл байдал дээр ажиллахад хэдийгээр үүрэг гүйцэтгэж байгаа боловч сэтгэл санааны хувьд ард үлдсэн аав ээж, хань, үр хүүхдээс нь дутахгүй сэтгэл санаа тухгүй болдог ч аль болох сэтгэлийн хаттай байхыг хичээж ажилладаг. Ийм ч үүрэгтэй. Ялангуяа дэргэд нь байсан бол аварчих л байсан гэсэн харуусал усчин аврагчийн дотор үргэлж байдаг. Харин завьт эргүүлээр ажиллаж байхдаа согтуу хүмүүс, бага насны хүүхдүүдийг аврах тохиолдол олон байсан. Согтуу хүн усанд сэлээд хад мөргөөд ухаангүй болоход нь бас аварч байлаа. Бидний мэргэжил нэг талаар бусдад амьдрал бэлэглэдэг, ухаарал өгдөг сайхан алба шүү. Тийм ч учраас манай алба “АВРАНА ТУСЛАНА ХАМГААЛНА” гэсэн уриатай юм шүү дээ гэж хэлсэн юм.
Харин одоо өөрөө багш, ирээдүйн аврагчидтай өдөр бүр хичээллэж, тэднийг зааж сургах амаргүй ажилдаа сэтгэл дүүрэн ажилладаг нэгэн. Гэр нь хотын баруун зах Шувуун фабрикт байдаг ч ар амьдрал, дөрвөн хүүхдээ гэргийдээ даатгаж, өглөө ажилдаа яаран ирж, орой яаран буцдаг сайн аавуудын нэг болох нь түүний ярианаас илт. Түүний шавь нартаа хэлдэг хамгийн гол үг нь “Өөрийн аюулгүй байдлыг хангахын тулд техникээ сайн эзэмших ёстой. Мэргэжлээ сайн эзэмшиж чадахгүй бол аврана, туслана гэж явж байгаад өөрийн амь насаа алдах эрсдэлтэй болдог. Хүн өөрөө төгс байж бусдыг а аварна. Багшийн зааж байгаа нь 10 хувь 90 хувь нь өөрийн хичээл зүтгэл гэж хэлэх дуртай. Мэргэжилдээ эзэн болох сайхан шүү” гэж хэлдэг. Өөрөө ч бас энэ үгэндээ багтаж, мөрдэс нэгтэй нөхдийн хамт олон үүрэг гүйцэтгэж байсан туршлагаа шавь нартайгаа хуваалцаж, ирээдүйд офицер болно гэсэн мөрөөдөлтэйгээр суралцаж яваа нэгэн.
Дотоод хэргийн их сургуулийн Усан спорт сургалтын төв маань мэлхий сэлэлт, өврөөр даллах сэлэлтийг анхлан заадаг. Мэлхий сэлэлт ядралт багатай, амьсгаа зөв авах, аврах ажиллагаа явуулах, удаан хугацаагаар хол замыг туулахад чадварыг эзэмшүүлнэ. Мэргэжлийн эчнээ ангиудад сургалт зохион байгуулах 4 метрийн гүний бассейнтай. Баллон, хувцас хэрэгсэлтэйгээ усны гүнд шумбах, зуултуур гэж юу байдаг, нөөц зуултуур гэж юу байх вэ, луужингаа яаж ашиглах, хэдэн метрийн гүнд явж байна зэрэг эрэн хайх, аврах ажиллагааны сургалтаа зохион байгуулдаг. Хувцас хэрэгсэлт, техниктэйгээ зөв харьцаж, дараагийн эрэн хайх аврах ажиллагааг амжилттай зохион байгуулдаг ажээ.
Тэрээр усанд сэлэлтийн хоёрдугаар зэрэгтэй, сагсан бөмбөг, хөл бөмбөг, хөнгөн атлетикаар хичээлэж, Үндэсний аврах бригадынхаа “Тэнгэр” хамтлагийн дуучнаар хүртэл дуулж байжээ. 2013 онд Аврах тусгай ангийн усчин аврагчаар ажиллаж байхдаа хамт олноо манлайлан Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэх үүрэг гүйцэтгэх болсон нь түүний бас амжилтын нэг юм. Уур амьсгалын аагим халуун нөхцөл байдалд үүрэг гүйцэтгэж, 800 гаруй албан хаагчдаас хөнгөн атлетикийн спортоор манлайлХүний амь насыг авардаг амаргүй албаны албан хаагчдыг сургадаг хариуцлагатай ажлаараа цаг ямагт бахархдаг шилдэг ахлагчдын нэг, усчин аврагч хэмээх мэргэжилдээ эзэн болсон ахлах, ахлагч Э.Амарбаяртаа ажлын амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 0 )