Д.Сайнсайхан: Ханш нээхэд байгаль дэлхийгээ аргадвал ҮР ХОЙЧИС НЬ САЙН ЯВДАГ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 04 сарын 03

Энэ жилийн Ханш нээх өдөр маргааш буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 4-нд тохиож байна.

 

Ханш нээх өдөр ичигсэд ичээнээсээ гарч, амьд байгалийн аливаа амьдрал сэргэж хорхой шавьж хөдөлдөг учиртай. Тиймээс монголчууд энэ өдөр буян хийж ном хуруулснаар хийсэн буян арвижин дэлгэрэн эрүүл саруул эд баялгаар арвин, эрүүл саруул байна гэж бэлгэшээдэг аж.

Монголчууд ханш нээх өдөр мал болон ичээнээсээ гарсан амьтдын байр байдал, өвс ургамал, тухайн өдрийн цаг агаарын байдлаар хаваршилт, зуншлага ямар байхыг шинжин тодорхойлж иржээ. Тухайлбал ханш нээх өдөр өмнө зүгээс хур буувал өвс ургамал муу ургаж, үр тарианы ургац муудаж тааламжгүй болно хэмээн үздэг.

Энэ цагт булгийн ус задгайран оргилохоос гадна голын мөс ханзарна. Цох хорхой гэнэт олширч энд тэндгүй гүйж харагдвал зун нь хуурай болно хэмээн зөгнөдөг ажээ. Хэрвээ шувуу гол мөрний усанд орвол дулаарахын шинж. Хаврын цас шоргоолжны үүрийн хойд хэсгээс эхэлж хайлвал зуншлага сайхан болж, өвс ургамал тэгш ургахын тэмдэг хэмээн үздэг байжээ.

Ханш нээх өдрийн талаарх түгээмэл асуултыг Бусдад туслахуй анагаах ухааны "Манба дацан" хийдийн зурхайч лам, анагаах ухааны магистр Д.Сайнсайхан дараах мэдээллийг өгчээ. 


-Ханш нээх өдрийн талаар тодруулж өгнө үү. Иргэдийн дунд зөрүүтэй ойлголтууд байдаг?

-Энэ бол байгаль дэлхийтэй холбоотой ойлголт юм. Монгол орон жилийн дөрвөн улиралтай бөгөөд дорнын зурхайд улирал тус бүрийг зургаа хувааж 24 улирлаар нарийвчлан авч үздэг.

Тухайлбал, хаврын улирлыг хаврын уур орох, хур усан, ичигсэд хөдлөх, хаврын хугас дунд, ханш нээх, тариалангийн хур орох улирал гэж зургаа хуваана. Энэ цаг хугацаанд байгалийн юмс үзэгдэл, ургамал, амьтны үйл хөдлөлийг шинжин тухайн жилд юм уу тухайн улиралдаа тохируулан хүн ард аж ахуйн үйлээ зохицуулдаг ач холбогдолтой.

Ханш гэдэг нь “Fu hui jie” гэх хятад үг бөгөөд байгаль эх дэлхий дахин амилж сэргэн нээгдэх гэсэн утгатай. Манай монголд ч мөн энэ утгаар байгаль дэлхий сэрж, өвсний үндэс хөдлөн амь орно. Энгийнээр хэлбэл, газар шороо гүйцэд гэсэж, өвс ургамал ургах таатай нөхцөл бүрдэн, урин дулаан цаг ирлээ гэж тариа ногооны газраа бордож, малын хашаа хороогоо цэвэрлэн, ямаагаа самнаж, адууныхаа дэлийг засна. Тухайлбал, дөрвөн настай үрээг хөнгөлөхөд сайн гэх мэт. Харин гэхдээ ан амьтан агнах цээртэй.

-Ханш нээх өдөр талийгаачийн газрыг эргэдэг үү?

-Өвөр Монголын эрдэмтдийн тайлбараас үзэхэд ханш нээх улирал эхэлснээс хойш 1-2 хоногийн дараа Хятадын хан үндэстний тэмдэглэлт өдрийг /Чин минг (“Qing ming”) буюу “Тодорхой гэгээн” гэсэн утгатай үг) өвөг дээдсийн тахилгын баяр болгож нас барсан хүмүүсийн шарил дээр очиж булшийг нь шүүрддэг зан үйл хийдэг. Энэхүү өдрийг хятад үндэстэн сүүлийн жилүүдэд хамтад нь тэмдэглэдэг болсноос энэ буруу ойлголт манай оронд бий болж болзошгүй байгааг анхаарах хэрэгтэй. Англиар “Tomb sweeping day” буюу “Булш шүүрдэх өдөр”-ийг Вьетнам, Солонгос, Малайз, Сингапур зэрэг оронд тэмдэглэдэг.

Харин Монгол ёс заншилд энэ өдөр бурхан болоочийн газрыг эргэдэг заншил байхгүй. Монголчуудын хувьд эцгийн газарт гурван жил очдоггүй, эцгийн оршуулсан газрын тэргүүнийг харуулсан зүг дээгүүр хамаагүй явдаггүй гэхчлэн бурхан болоочоо нутаглуулсан газарт очиход нарийн учиртай. Бурхан болооч нь 49 хоног дотор төрлөө олсон учраас биеийг нь оршоосон газрын эзэн буюу савдаг, лусыг олон жил орхигдуулахгүй тахих нь бий.

Тодруулбал, үр хүүхдүүд, ач зээгийнх нь аж амьдрал, ажил үйлс дордох доройтох зэрэг онцгой үеүдэд ханш нээснээс хойш газар лусын буулттай өдрүүдийг сонгож нутаглуулсан газрын ойролцоох гол горхи, булаг шанд, уул овоо, газрын эзнийг аргадан тахидаг. Өөрөөр хэлбэл, бидний хүндтэй хүмүүсийн шарилыг оршоож байгаа байгаль дэлхийнхээ л ачийг санаж амьтан хооллож, газар лусыг аргадах зан үйлүүд болох дүлцэнгийн элс, лусын эмийг гол горхи булаг шандад хийх, идээ, будаа, сүү зэргийг газар дэлхийд өргөх, лусын бумбын балин тахил, уншлага номыг уншиж бүрэн зан үйлийг хийж тахиж аргаддаг юм.

Эх сурвалж: "Манба дацан" хийд

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ха ха(1.183.4.106) 2024 оны 04 сарын 04

Иймэрхүү махан толгойнуудад бүү хуурт.

1  |  1
Ха ха(1.183.4.106) 2024 оны 04 сарын 04

Иймэрхүү махан толгойнуудад бүү хуурт.

1  |  1
Top