СУРВАЛЖИЛГА: Хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ҮҮРЭГ ЧУХАЛ

2024 оны 04 сарын 12

Цагдаагийн ерөнхий газраас Монгол цэргийн нэгдсэн холбоотой хамтран "Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд эрэгтэйчүүдийн үүрэг" зөвлөгөөнийг өнөөдөр /2024.04.11/ өдөр зохион байгууллаа. Тус арга хэмжээний зорилго нь Гэр бүлийн хүчирхийлэл, түүний хор уршгийн талаарх иргэдийн мэдлэгийг нэмэгдүүлэх, хүчирхийллийг үл тэвчих, нийгмийн хандлагыг төлөвшүүлэх, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд төрийн болон төрийн бус байгууллага, эрэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэжээ. 

Уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн байгууллага, Хүүхэд, гэр бүл хөгжил, хамгааллын ерөнхий газар, Монгол цэргийн нэгдсэн холбоо, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Эрчүүд гэр бүл, хүүхэд хөгжлийн нийгэмлэг төрийн бус байгууллагууд болон хууль сахиулах 11 байгууллага, иргэдийн төлөөллүүд оролцож байгаа юм. 

 

ЦЕГ-ын Урьдчилсан сэргийлэх газрын гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Батцоож:  Гэр бүлийн хүчирхийллийн 92.8 хувь нь эрэгтэйчүүд үйлдсэн гэсэн судалгаа гарсан байна

"Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд эрчүүдийн оролцоо" хэлэлцүүлэгийг зохион байгуулж байна. Энэ оны эхний гурван сарын байдлаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийн 92.8 хувь нь эрэгтэйчүүд, 7.1 хувийг эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэсэн статистик мэдээлэл байна. Тэгэхээр бид энэ үндэс шалтгаан дээр тулгуурлаад Цэргийн болон хууль хүчний байгууллагын эрэгтэй алба хаагчдыг нөлөөлөл үзүүлэх үүднээс оролцуулж байна. Хэлэлцүүлэг хоёр үе шаттай явагдаж байгаа бөгөөд нэгдүгээрт, гэр бүлийн хүчирхийллийг бууруулахад эрэгтэйчүүд ямар үүрэг, оролцоотой вэ гэдэг талаас нь ярилцана. Хоёрдугаарт, бид урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга замаар, юуг хийвэл илүү үр дүнтэй вэ гэдэг талаар хэлэлцэж байна. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас гэмт хэрэг зөрчил багагүй хэмжээгээр өсөх хандлагатай байгаа юм. Тус хэлэлцүүлэгийг зохион байгуулснаар эрчүүд гэр бүлийн хүчирхийлэл гэдэг асуудал юунаас болоод үүсээд байна гэдэг ойлголттой болно. Үүнийхээ үр дүнд хүчирхийлэл үйлдэгдэхгүй байхад эрчүүд бид юу хийж чадах вэ гэдэг мэдлэг, мэдээлэлтэй болохоос гадна гэр бүлийн хүчирхийллийн дуудлага багасна гэсэн үр дүн гарна гэж найдаж байна.

Дотоодын цэргийн 805-р ангийн түрүүч З.Чинзориг: Аав байхгүй бол гэрт тог тасарчихсан юм шиг эвгүй байдаг гэдгийг ойлголоо

Анх удаагаа гэр бүл төлөвлөлт, хүчирхийллийн эсрэг хэлэлцүүлэгт сууж үзэж байна. Нэг талаасаа эрэгтэй хүн хамгийн гол үүрэгтэй байна гэж харж байна. Жишээ нь аав байхгүй бол гэрт тог тасарчихсан юм шиг эвгүй байдаг гэдгийг сонсоод гэрийн гол ноён нуруу эрэгтэй хүн гэдгийг сайн ойлгож авлаа. Гэр бүлийн үндсэн төлөвлөгөө байх ёстой юм байна, хар зөнгөөрөө болно доо гэсэн зүйл бол байхгүй гэдгийг ухаарлаа. 

Реппэр BIG GEE: Эмэгтэй хүн ямар ч шалтгаанаар уурыг чинь хүргэсэн гэсэн эрэгтэй хүн хэзээ ч гар хүрч болохгүй

Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг бол манайхаас үнэхээр хол сэдэв л дээ. Манай гэрт тийм айдас байдаггүй болохоор би үүний талаар ярих гэхээр хэлж мэдэхгүй байна. Өөрийнхоо ойлгосон зүйлээс хэлэхэд гэр бүл сонголтыг хамгийн зөв хийх ёстой. Нэг насаараа хамт амьдрах хүнээ таних хэрэгтэй гэж боддог. Эмэгтэй хүн ямар ч шалтгаанаар уурыг чинь хүргэсэн гэсэн эрэгтэй хүн хэзээ ч гар бол огт хүрч болохгүй.  

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top