С.Амарсайхан: Галт өртсөн 207-р байрыг цаашид ашиглах боломжгүй, нураана

2024 оны 04 сарын 18

УОК-оос өнөөдөр /2024.04.18/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Шадар сайд С.Амарсайхан "Гамшгийн эрсдлийн хуулийн төслийг Засгийн газарт өргөн барьж, УИХ-аар хэлэлцэхээр ажиллаж байна. Гамшгийн гаралт, хувь, болзошгүй ахуйн болон бусад осол гэмтлийн тоо нэмэгдэж байна. Хохирол барагдуулах ажил эзэнгүйдэж байна. Иймээс даатгалын тогтолцоог нэмэгдүүлж, шинэ тогтолцоо нэвтрүүлэх шаардлага гарсан. Даатгалгүйгээс үүдэн хохирол барагдуулах боломжгүй, төр бүгдийг нь хариуцахад асуудал үүсээд байна. Тиймээс Гамшгийн эрсдлийн тухай хуулийг танилцуулахаар шийдвэрлэлээ.

Хоёрдугаарт, газны дэлбэрэлтийн дүгнэлттэй танилцлаа. 26-р хороонд байрлах 207-р байрыг цаашид ашиглах боломжгүй гэх дүгнэлт гарсан. Нийслэлийн хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэхээр эцэслэж байна. Хохирлыг барагдуулах, шинээр барих, осолд өртсөн айлуудын түрээсийн төлбөрийг төлөх, буруутай этгээдээс нэхэмжлэх зэргийг нийслэлийн удирдлагад шилжилж байна. 5 тэрбумыг Засгийн газар энэ асуудалд төсөвлөсөн. 2.1 тэрбум төгрөгийг зарцуулсан. 2.9 тэрбумыг нийслэлийн мэдэлд шилжүүлж байна.

Гуравдугаарт, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээх станцуудыг аюулгүй болгох, стандарт норм мөрдүүлэх тал дээр холбогдох яамдуудтай хамтран ажиллах даалгаврыг өгсөн. 

Дөрөвдүгээрт, хаваржилтын нөхцөл байдлаас үүдэн хорогдсон 6.8 сая малын сэг зэмийг устгах ажил 17 хувьтай явна. Үүнийг тавдугаар сарын 1-ний дотор ариутгал, устгалын ажлыг дуусгахын тулд ажлын хэсэг гарч, аймгууд руу томилж байна. Мөн зэвсэгт хүчний алба хаагчдыг энэ ажилд дайчилж байна.

Хамгийн сүүлд зудын эрсдлийн тайланг сонслоо. Нийт мал сүргийн 14.9 сая буюу 23.9 хувь нь хорогдох тооцоолол байсан ч 6.8 сая буюу 1.5 дахин бага хорогдлоо. Өнгөрсөн долдугаар сараас анхааруулга өгч байсны үр дүнд хорогдлын тоо эерэг гарлаа. Гэхдээ тайвшрах зүйл биш. Нийгмийн сөрөг үр дагавруудыг бууруулах, нөхөн сэргээх арга хэмжээнүүдийг авна. Мал аж ахуй, хөдөө аж ахуйн тогтолцоо, системийг шинэчлэлтийг хийх, малчдын уялдаа холбоог хангах, шаардлагатай төсөв санхүүг батлах, зээл олгох, малчдад санхүүгийн дарамтгүй байлгах боломж нөхцлийг УИХ-аар хэлэлцэж байна. Банкны зээлийг нэг жилээр хойшлуулах, хүүгийн хөнгөлөлтэй үзүүлэх зэргийн үр дүнг тооцож, зохих арга хэмжээг авч байна" гэлээ

 

ВИДЕО ШУУД ҮЗЭХ: 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.55.188.94) 2024 оны 04 сарын 18

Дашваанжил төлөх ёстойшдээ!!! Энэ айлуудад шинэ байр барьж өгөх ёстой!!!

0  |  0
Top