Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Монтойбүрд” ХХК-ийн “Хөх дэгд” хотхонд байр захиалж, хохирсон иргэд 15 дахь өдрөө өлсгөлөн зарлаж байгаа юм Тус байрны урьдчилгаа гэх нэрийдлээр иргэдээс их хэмжээний мөнгө залилж, авсан компанийн асуудлаар Цагдаагийн Ерөнхий Газраас өнөөдөр /2024.05.14/ мэдээлэл хийлээ.
ЦЕГ-ын Урьдчилан Сэргийлэх Газрын ХМОНХХ-ийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Баярбилэг "Цагдаагийн байгууллагаас дээрх асуудлын хүрээнд ирсэн дуудлага мэдээлэл бүрийг хүлээн авч, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай хэрэгжүүлж байна. Анх 2023 оны аравдугаар сард Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Монтойбүрд" ХХК нь "Хөх дэгд" хэмээх 556 айлын хотхонд иргэд захиалга өгчээ. Гэвч захиалсан байр нь одоог хүртэл ашиглалтад ороогүй, иргэдийг залилж байна гэх асуудал бүртгэгдсэн.
Урьдчилсан байдлаар “Монтойбүрд” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт "Хөх дэгд" гэх нэртэй орон сууцны хотхоны төслийн ажлыг хэрэгжүүлэхдээ 2023 оны байдлаар 132 иргэнээс 2.8 тэрбум төгрөгийн бартер эд хөрөнгийг гэрээгээр халхавчлан авч, тухайн үедээ иргэдэд их хэмжээний хохирол учруулсан нь шалгалтын явцад тогтоогдсон. Энэ хэрэгт тус компанийн захирал Б-г холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг шуурхай хэрэгжүүлж байна Хэрэгт холбогдуулан шалгагдаж байгаа иргэн Б-г 2024 оны тавдугаар сарын 2-ны өдөр 48 цагийн хугацаагаар баривчилсан. Мөн шүүхээс тухайн иргэнд хилийн хориг тавих хязгаарлалт тогтоож, таслан сэргийлэх арга хэмжээг авснаар мөрдөн шалгах ажиллагааг прокурорын хяналт доор шуурхай хэрэгжүүлж байна.
Нэмэлт мэдээлэл хэлэхэд “Монтойбүрд” ХХК-ийн дансанд мөрдөн шалгах ажиллагааны явцад 2022 оны долдугаар сараас 2023 оны арванхоёрдугаар сарын хугацаанд үзлэг, шалгалтыг явуулсан.Шалгалтын явцад нийт дөрвөн тэрбум орчим төгрөгийн хохирлыг иргэдэд учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдож байна.Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу үргэлжлүүлж, шуурхай ажлын хэсэг байгуулсан.
Хохирогчдын эрх ашгийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх зорилгоор "Монтойбүрд" компанийн эзэмшилд байдаг 16 айлын нийт 2.5 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 1.2 га газар, долоон тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тавиад мөрдөн шалгах ажиллагааг шуурхай хэрэгжүүлээд ажиллаж байна.
Мөн энэ хэрэгт холбогдуулан шалгагдаж байгаа Б-тэй хамжигч этгээдүүдийг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгана" гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )