Олон улсын энхийг сахиулагчдын өдрийг тохиолдуулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах “Монгол цэрэг энхийн үйлсэд цогцолбор”-т энхийг сахиулагчдад зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ боллоо.Хүндэтгэлийн арга хэмжээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагууд, энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдын төлөөлөл оролцсон юм.
Арга хэмжээний үеэр УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталсан “Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай /шинэчилсэн найруулга/ хууль болон Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн эхийг УИХ-ын дарга Г.Занданшатар, Батлан хамгаалахын сайд, дэслэгч генерал Г.Сайханбаярт гардуулан өглөө.
Монгол Улс энхийг эрхэмлэсэн төрийн гадаад бодлогыг тууштай баримтлан, эх орныхоо тусгаар тогтнолыг улс төр-дипломатын аргаар хангах хүрээнд даян дэлхийн энхийн төлөө 2002 онд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд анхны цэргийн ажиглагч офицерыг, 2003 онд Бүгд Найрамдах Ирак Улсад явагдсан “Иракийн эрх чөлөө”, Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдсан “Тогтвортой эрх чөлөө” ажиллагаанд цэргийн багаа илгээснээс хойш эдүгээ 22000 гаруй энхийг сахиулагч цэргийн алба хаагч үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэж байна.
Сэтгэгдэл ( 0 )