Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр ХЭҮК, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хамтран “Хүүхдийн марафон-2024”-ыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулж байна.
Үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоох, түүний хор уршиг, сөрөг ур дагаврыг сурталчлан таниулах, зөв хандлага, соёлыг дэлгэрүүлэх зорилготой тус марафонд нийт 550 орчим хүүхэд бүртгүүлснээс тулгуур эрхтний, хэл ярианы, харааны бэрхшээлтэй 87 хүүхэд мөн оролцов.
Марафоныг ХЭҮК-ын дарга Д.Сүнжид марафонд оролцож буй хүүхдүүдэд талархал илэрхийлээд хүн бүр хүүхдийн эрхийг хамгаалах ёстой үүрэг хүлээгч юм. Жил бүрийн 06 дугаар сарын 1-ний өдөр энэ үүргийг томчууд бидэнд сануулдаг. Нөгөөтээгүүр, хүүхэд эрхээ мэддэг болсноор өөрийнхөө эрхийг хамгаалдаг, бусдын эрхийг зөрчдөггүй иргэн болж төлөвших суурь бүрддэг. Тиймээс хүүхэд бүр үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг таслан зогсооход гар бие оролцдог, зөв хандлага, соёлыг дэлгэрүүлдэг байгаасай. Оролцогч хүүхдүүддээ амжилт хүсье гэлээ.
Үргэлжлүүлэн марафоныг хамтран зохион байгуулж буй хамтрагч байгууллагууд мэндчилгээ дэвшүүллээ.
Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын Тамгын газрын дарга Ш.Чинбат үр хүүхдүүддээ зөвөөр үлгэрлэж, олон нийтийн арга хэмжээнд өргөнөөр оролцуулж байгаа эцэг, эхэд талархал илэрхийлээд оролцогч хүүхдүүдэд амжилт хүслээ.
Харин Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга Ү.Оюунзул хүний хамгийн том өрсөлдөгч нь хүн өөрөө байдаг. Өөрийгөө ялсан хүн бүр ялагч болдог. Тиймээс та нар бол бүгдээрээ ялагч юм шүү гэлээ.
Нээлтийн дараагаар 6-7 нас, 8-9 насны хүүхдүүдийн марафон гүйлт зохион байгуулагдсан бөгөөд гүйлтэд оролцсон хүүхдүүдэд батламж, дурсгалын зүйл гардууллаа.
Марафон гүйлт
12.30-13.30 цаг 10-11 нас /1 км/
13.30-14.30 цаг 12-13 нас /1км/
14.30-15.30 цаг 14-15 нас /1.5км/
15.30-16.30 цаг 16-17 нас /1.5км/ үргэлжилнэ.
Арга хэмжээний үеэр хөгжилтэй алиалагчийн урласан бэлгийг бэлэнд авах, мэргэжлийн нүүр хувиргагчаар нүүрээ будуулах, хүүхэлдэйн баатар болон арга хэмжээний уриа, лого бүхий самбар, хүрээтэй зураг авхуулахаас гадна хүслийн хайрцагт өөрийн мөрөөдлөө шивнэх боломжтой тул хүүхэд багачууд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” уриатай “Хүүхдийн марафон-2024”-ыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, ХЭҮК-ын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн байгууллага “Хүүхдийн эрх хамгаалал-Үжин Төв”дэмжин ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )