Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгож, зан үйлийг өөрчлөх замаар бие бялдар, сэтгэц, танин мэдэхүйн хувьд эрүүл, өв тэгш Эрүүл Монгол хүнийг төлөвшүүлэх зорилгын хүрээнд Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний Чингэлтэй дүүрэг дэх нээлт өнөөдөр боллоо.
Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний төсөл хөтөлбөр хариуцсан Албаны дарга О.Чимэдсүрэн, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат Засаг дарга Н.Батсүмбэрэл Засаг даргын орлогч З.Бямбажав нар оролцлоо.
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдэд эрүүл мэндийн мэдлэг олгох, тэдний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан нь Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилт гуравт заасан “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад хүрэх”, “Хүн төвтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ” эрүүл мэндийн бодлогын зорилтуудыг хангаж байгаа бөгөөд хэрэгжүүлэхэд Эрүүл Монгол хүн үндэсний хөдөлгөөн чухал ач холбогдолтой юм.
Мөн халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсээс сэргийлж, тархалтыг бууруулснаар өвчлөл, нас баралт, хөгжлийн бэрхшээлтэй болох тохиолдлыг 50 хүртэлх хувиар бууруулах боломжтой бөгөөд хүнсний бүтээгдэхүүнийг зөв сонгон хэрэглэж, архины хэрэглээг багасган, тамхинаас татгалзан, биеийн жингээ хэвийн хэмжээнд барьж, амьдралын туршид идэвхтэй дасгал хөдөлгөөн хийснээр зүрх судасны өвчин, тархины цус харвалт, хоёрдугаар хэв шинжийн чихрийн шижин өвчнийг 80%, хорт хавдрыг 40%-иар тус тус бууруулах боломжтой гэж үздэг байна.
Уг өдөрлөгөөр хүн амын дунд амьдралын хэв маягтай холбоотой өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр эрүүл идэвхтэй дасгал хөдөлгөөн, эрүүл зөв хооллолт, эрүүл амьдралын зөв хэв маягийг сурталчлан таниулж байна.
Сэтгэгдэл ( 0 )