Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зарлан мэдээлэх болон камержуулалтын системийг шинэчилж байна
Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнг засварлаж байна. Засварын ажлыг долдугаар сарын 5-нд багтаан дуусгахаар төлөвлөжээ. Энэ жилийн засварын хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн үзэгчдийн хэсгийг наадамчин олны ая тухыг хангах зорилгоор бүрэн сүүдрэвчтэй болгож байна.
Түүнчлэн “Энэ жил Төв цэнгэлдэхэд хөлбөмбөгийн цагаан зураасгүй буюу олон улсын стандартад нийцсэн, хамгийн сайн чанарын, ногоон зүлэг дэвсэнэ” гэдгийг зохион байгуулагчид хэллээ. Харин 9 жилийн өмнөөс Төв цэнгэлдэхийн төв хэсэгт ашиглаж байгаа хиймэл ногоон зүлгийг сур, шагай харвааны талбай руу шилжүүлэхээр тохижилтын ажлыг үргэлжлүүлж байна.
Ж.ЭНХЖАРГАЛАН: ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГИЙН АРИУН ЦЭВРИЙН ӨРӨӨГ НЭМЖ, ЕС БОЛГОСОН
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойронд нийт 9 ариун цэврийн байгууламж ашиглалтад оруулж, наадамчин олны ая тухыг хангаж ажиллахаар зорьж байна. Мөн цэнгэлдэхийн ойролцоо байсан авто угаалгын газар болон бетонон хашааг “Монголын Хөлбөмбөгийн холбоо”-той зөвшилцөн буулгасан бол нэг давхар зоогийн газрыг эзэмшигчтэй нь зөвшилцөн чөлөөлжээ. Чөлөөлсөн талбайд ногоон байгууламж бий болгож, теннис, хүүхдийн тоглоомын талбай болон 3х3 сагсан бөмбөгийн талбай төлөвлөн, тохижуулах юм байна.
Гэрэлтүүлгийг гоёлын бус орчны гэрлээр сайжруулах, ногоон байгууламж нэмэх, орох, гарах хаалганы шатыг стандартад нийцүүлэх, хаягжуулалтыг тодорхой болгох үүднээс хаалгануудыг дугаарлаж, зарлан мэдээлэх болон камержуулалтын системтэй болгох гэх мэт олон шинэчлэл Төв цэнгэлэх хүрээлэнд хийгдэж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Төв цэнгэлдэхийг одоо хичнээн тордоод нэмэргүй байх оо, ёстой мөнгөний гарз, буулгаад шинэ цэнгэлдэх барьсан нь дээр