Нэгдсэн парадын бэлтгэл ХАНГАГДЛАА

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 07 сарын 02

 

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслол хүндэтгэлийн ажиллагааны нэгдсэн бэлтгэл Буянт-Ухаа нисэх буудлын талбайд үргэлжилж байна.

Энэхүү цэргийн хүндэтгэлийн ёслолын жагсаалд төрийн цэргийн болон хууль сахиулах 15 байгууллагын 1500 гаруй алба хаагч жагсахаар сар гаруй хугацаанд хүн нэг бүр, байгууллага, нэгдсэн гэсэн шатлалаар бэлтгэлээ ийнхүү хангаж байгаа ажээ.

ЗХЖШ-ын I орлогч дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга бригадын генерал Ж.Өсөхбаяр “Энэ жил төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчдын төлөөлөл 22 хайрцаг болж ёслолын жагсаалд оролцоно. Эдгээр байгууллагууд маань бэлтгэлдээ маш идэвхтэй хамрагдаж байна. Ихэнх нь өмнө парадад оролцож байсан бүрэлдэхүүн учир зохион байгуулалт, жагсаалын жигдрэлт сайн байгааг зориуд онцлон хэлье. Бид Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газартай зөвшилцсөний дагуу тэгш ойн жил техниктэй, таван жил тутамд явган цэргийн өргөн бүрэлдэхүүнтэй жагсаал хийж байхаар тогтсон бөгөөд энэ жил хураангуй буюу зөвхөн явган болон морьт цэрэг оролцсон ёслолын жагсаал хийхээр бэлтгэж байна. Мөн манай морьт цэргүүд Хүннү гүрэн, Их Монгол Улс, Богд хаант Монгол Улс, Монгол ардын журамт цэрэг, Бүгд найрамдах Монгол ард Улсын төрийн далбааг тухайн үеийн цэрэг, армийн хувцастайгаа залж, нийслэлийн иргэд, хуран чуулсан зочид гийчдэд сонирхуулах болно” хэмээн энэ жилийн Төрийн далбааны өдрийн цэргийн ёслолын жагсаалын онцлогийн талаар өгүүллээ.

Нийслэлчүүд, ялангуяа хүүхэд залуусын хүсэн хүлээдэг Шөнийн парадын бэлтгэл жанжин Д.Сүхбаатарын талбайд энэ сарын 3-ны өдрөөс эхэлнэ.

 

 

Эх сурвалж: Зэвсэгт хүчний Жанжин штаб

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top