“Очир мед” шүдний эмнэлгийн захирал, эмчилгээний ахлах зэрэгтэй нүүр амны мэс заслын их эмч Ц.Халиунсүрэнтай ярилцлаа.
Тэрбээр АШУҮИС-ийн Нүүр ам судлалын их сургуулийг шүдний их эмч мэргэжлээр дүүргэсэн. “Энхийг цацруулагч” эмнэлэгт ажиллаж байгаад, 2019-2021 онд нүүр амны мэс заслын резидентээр суралцаж төгссөн. 2021 оноос “Очир мед” эмнэлгийн захирлаар томилогдон ажиллаж буй юм. “Очир мед” эмнэлгийн хувьд 2016 онд байгуулагдсан бөгөөд энэ жил шинэ салбараа нээсэн. Тус эмнэлэг 15 эмч, ажилчинтай. Нүүр амны эмчилгээ, урьдчилан сэргийлэх, хүүхдийн шүдний эмчилгээ, гажиг болон согог засал, мэс засал гээд бүх чиглэлээр эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг. Үнэ өртгийн хувьд зах зээлийн дунджийг баримталдаг. Хэрэглэгчдэд чанартай эм, материалаар үйлчлэхийн сацуу байнгын харилцаа холбоо тогтоож, сургалт явуулж, хяналтад авч эмчилгээ, үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө өгдөг.
Ц.Халиунсүрэн захирлын баримталдаг гол зарчим нь эмч ажилчдаа хүнлэг байгаарай, сэтгэл гаргаарай. Үйлчлүүлэгчидтэйгээ сайн ярилцаж ойлголцох хэрэгтэй. Харилцаа хандлагаа хамгийн өндөр түвшинд байлгаарай гэж захидаг. “Манай хамт олон үйлүүлэгчдэд ямар үйлчилгээ авч, юунд мөнгө төлж байгааг нь маш сайн ойлгуулж зөвлөдөг. Манай эмнэлгээр ороод гарсан хүн ямартай ч эмнэлгийн тусламж үйлчилгээ аваад, шүдний талаар, амны хөндийн эрүүл ауйн тухай цогц мэдлэгтэй болоод гараасай гэж хүсдэг. Бид ийм зорилго тавьж, бүх үйлчилгээг стандартын дагуу хийхийг зорьж ажилладаг” хэмээн ярьж байна.
-Бага насны хүүхдүүдийн дунд амны хөндийн эрүүл ахуйг сахих, залуучууд, өсвөр үеийнхэнд эрүүл шүдтэй байх асуудал тулгамдах болжээ. Эмч нар эхийн хэвлийд байхаас нь хүүхдийнхээ шүдийг эрүүл байлгахад анхаарахыг зөвлөдөг юм билээ. Та чухам юуг анхааруулах бол?
-Сүүлийн үед шүд цоорох өвчин залуужсан. Дээр үеийн хүмүүс шүд сайтай байдаг байсан. Яагаад гэхээр нүүрс ус, ундаа, чихэр жимсний хэрэглээ бага, цагаан идээгээ түлхүү хэрэглэдэг. Хатуу хоол хүнсийг маш сайн зажилж иддэг байсан. Мах гэхэд л хавиргыг зулгааж, залуус булчин мах голдуу иддэг. Чихэр жимсийг ааруул, ээзгий нь орлож байсан, иймээс шүдний цооролт бага байсан. Гэтэл орчин цагт шүд цоорох өвчин газар авч нас нь залуужсан. Хүүхдийн сүүн шүд дөнгөж ургангуутаа цооролд өртчихдөг болсон. Тэгэхээр шүд цоорох өвчин аюулын харанга дэлдэж байгаа өвчнүүдийн нэг юм. Гэхдээ энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой.Иргэдэд эрүүл мэндийн боловсролыг сайн олгох юм бол шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлж, өөрөө болон үр хүүхдийнхээ шүдийг цоорлоос сэргийлж, эрүүлээр нь урт удаан хугацаанд хадгалах бүрэн боломжтой. Шүд цоорол бол халдварт өвчин. Хэрэв эхийн шүдний өвчлөл их байх юм бол нярайд халдварладаг. Нярайн сүүн шүд мэндлэхээсээ өмнө ээжээсээ шүлсээр халдвар авсан байна гэсэн үг. Ингээд нян бактерууд нь аль эрт үүсчихсэн, шүд ургалаа гэхэд цооролд өртөхөд бэлэн байж байдаг. Дээрээс нь бид зөөлөн хоол хүнс түлхүү хэрэглэдэг болсон. Энэ юуг хэлээд байна гэвэл, хэтэрхий их боловсруулсан, мексердэж буталсан бараг зажлах шаардлагагүй хоол хүнс иддэг болсонтой холбоотой. Мөн нүүрс усны хэрэглээ ихэссэн, чихэр жимс амттан идэх нь түгээмэл болчихсон. Сургуулийн хүүхдүүд завсарлагаанаар гараад хүссэн чихэр, жимс, чипс, газтай ундаагаа аваад идэж ууж байна. Модтой чихэр аваад өдөржин хүлхэх боломжтой. Тэдгээр зүйлүүд нь үнэ хямд, олдоц ихтэй, чанарын хувьд асуудалтай. Үүнээс болж шүд цоорох өвчин хүүхдүүдийн ч, насанд хүрэгчдийн дунд ч маш их болсон. Тэгэхээр яг одооноос шүдээ хайрлаж, амны хөндийн эрүүл ахуйд анхаарал хандуулахгүй бол одоогийн залуус эрт шүдгүйдэлд хүрэх хандлагатай болжээ. Наад зах нь нүүр амны гажиг үүсэх нөхцөл байдал бүрэлдэж байна.
-СҮҮН ШҮД НЬ ЭРҮҮЛ БАЙГАА ХҮҮХДИЙН ӨСӨЛТ ХӨГЖИЛТ ХЭВИЙН ЯВАГДДАГ-
-Сүүн шүд цоорох юм бол дараагийн шүдэнд халдварлана. Тэгэхээр тоохгүй орхиж болохгүй гэсэн үг биз?
-Угаасаа шүд цоорох өвчин бол цоорол үүсгэх нян бактераас үүдэлтэй халдварт өвчин. Тэр бактер ээжийнх нь шүлсээр дамжиж нярайн аманд орно. Орсон бактер нь сүүн шүд ургаад гараад ирэнгүүт цооролд хүргэдэг. Сүүн шүдийг угаахгүй байх юм бол бактер халдварлаж цоорол үүсгэнэ. Сүүн шүд нь цооролтой бол үргэлжлээд араас нь ургах байнгын шүд нь бас л цооролтой болно. Хүүхдийн сүүн шүд хараахан унаж дуусаагүй, залгуулаад байнгын шүд нь ургаж эхэлж байгаа үеийг холимог зуултын үе гэж нэрлэдэг. Хүүхэд 6-12 насны үед холимог зуулттай, аман дотор нь сүүн шүд ч байна, байнгын шүд ч байж байдаг. Ийм үедээ байнгын шүднүүд нь цоорчихдог. Энэ үед эцэг эхчүүд яадаг вэ гэхээр, сүүн шүдийг тоохгүй байх хандлага ихээхэн ажиглагддаг. “За яах вэ, унах шүд юм чинь” гэх юм уу, эсвэл “Өвдөхгүй бол ингээд явж байг. Өвдвөл авахуулчихъя” гэх жишээтэй. Энэ мэтчилэн сүүн шүдний ач холбогдлыг мэдэхгүй байх тал анзаарагддаг. Гэтэл сүүн шүд нь эрүүл байгаа хүүхэд өсөлт хөгжилт нь хүртэл хэвийн явагдана. Сүүн шүд нь цооролтой байвал хоол хүнсээ бүрэн боловсруулж идэж чадахгүйгээс өгсүүлээд бие бялдарын хувьд асуудал гардаг гэсэн үг. Сүүн шүд цооролтой удаан явбал байнгын шүд нь цоорч эхэлнэ. Байнгын шүд цооролтой болчихвол эрт авагдана, эрт шүдгүйдэлд хүрнэ. Шүдгүй болсноор үргэлжлээд ходоод гэдэсний хямрал, хоол боловсруулах замын өвчлөл, хоол боловсруулах системийн доголдол үүсэж эхэлнэ. Ингээд урт хугацаандаа амьдралын чанар буурна гэсэн үг.
-Шүд цоорол өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд яах вэ?
-Тэгэхээр хүүхдээ дөнгөж мэндэлсэн цагаас өгсүүлээд шүдний эрүүл ахуйд нь анхаарч, ач холбогдол өгөх ёстой. Төрөх гэж байгаа, төрөх насны ээж энэ жил жирэмслэнэ гэж төлөвлөөгүй байгаа ч гэсэн өөрийгөө нөхөн үржихүйн насанд хүрлээ, тэгэхээр хэзээ ч ураг тээж болзошгүй тул эртнээс бэлдэж байх ёстой. Яаж амны хөндийгөө эрүүл байлгах вэ, дээр нь гэр бүлээ төлөвлөх хэрэгтэй. Амны хөндий эрүүл байх юм бол маш олон өвчнөөс урьдчилан сэргийлж чадна. Биднээс шалтгаалахгүй өвчлөлүүд, агаарын бохирдол, хорт утаа, хүнсний аюулгүй байдал алдагдсанаас болж өвчилж байгаа хорт хавдар, бид мэдэж байгаа эсвэл мэдэхгүй байгаа, санаатай санаандгүй байдлаар үүсэж буй корона вирус гэх мэт халдварт өвчнүүд байдаг. Энэ өвчнүүдээс гадна амны хөндийн өвчлөл маш өндөр хувьтай байх болсон нь аюул дагуулж байгааг би дээр хэлсэн. Дахиад ч хэлье. Бид амны хөндийн өвчлөлөөс сэргийлэх боломжтой. Хувь хүн өөрөө энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломж бий. Үүнд анхаарлаа хандуулаад, шүд маань эрүүл байх ёстой гэдгийг мөрдлөг болгож чадвал боломж байгаа. Шүдээ эрүүл байлгаж чадвал ходоод гэдэсний, дотор эрхтний маш олон өвчнөөс сэргийлж чадна.
-АМНЫ ХӨНДИЙ ЭРҮҮЛ БАЙВАЛ ОЛОН ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЖ ЧАДНА-
-Шүдгүй болсноор өвчин эмгэгт өртөх боломж нэмэгддэг гэж эмч нар зөвлөдөг. Энэ тухайд?
-Эрт шүдгүйдэлд хүрсэн хүний IQ хүртэл муудаж байгааг эрдэмтэд судалж баталсан. Яагаад гэвэл хоолоо зажилж идэж чадахгүй байгаа хүмүүсийн тархины эсүүд хуваагдаж сайн ажиллаж чаддаггүй гэдгийг суддаачид тогтоосон байдаг. Түрүүнд би хүүхдийн өсөлт хөгжилтийн тухай ярьсан, шүдгүй болсноор хүүхдийн өсөлт хөгжилт үеийнхнээсээ удааширч эхэлнэ. Мэдээж шүд нь өвдөөд байгаа хүүхэд хоолоо олигтой зажилж идэж чадахгүй, амандаа жаахан булхуулж байгаад залгичихна гэсэн үг. Энэ дан ганц шүдний асуудал бас биш. Эрүү нүүрний өсөлт хөгжилтөд нөлөөлөх, эрүү нүүрний гажиг үүсэх сөрөг нөлөөтэй. Хүний бие бүх эд эрхтэнтэйгээ системээрээ холбоотой. Хэрэв шүдээ эрүүл байлгаж чадахгүй бол цаашлаад ерөнхий биеийн маш олон эмгэг, өвчлөлд өртөх магадлалтай. Бид өөрсдийгөө болон гэр бүлээ үүнээс хамгаалах хэрэгтэй.
-“Эрүүл шүд” хөтөлбөр явагдахад хүмүүс хэр хамрагдсан бол?
-“Эрүүл шүд” хөтөлбөр явагдаж, хувийн хэвшлийн эмнэлгүүд үүнд олноороо хамрагдаж иргэдэд үйлчилгээ үзүүлсэн. Гэхдээ энэ нь төрийн бодлогын хувьд нэлээд хүндрэлтэй, Төрийн санд ихээхэн дарамт үүсгэсэн байж магадгүй. Дээрээс нь үнэгүй эмчилгээ, үйлчилгээ үзүүлнэ гэдэг учир дутагдалтай. Яагаад гэвэл үйлчлүүлэгчид нэгэнт үнэгүй үйлчилгээ авсан бол тэрэндээ өөрсдөө анхааралттай ханддаггүй. Шүдний ломбо хийлгэсэн бол тэрийгээ унагаачихвал дахиад хийлгэчихнэ дээ, даатгалаар юм чинь гэж хандах жишээтэй. Ингээд хүмүүс хичээхээ больдог. Гэтэл хувийн эмнэлгийн эмч нар үзлэгээ хийгээд, шүдийг нь эрүүлжүүлээд байдаг, иргэд өөрсдөө шүдээ анхаарч, арчлахгүй бол эмч тэнд мянга зүтгээд, улс мөнгийг нь төлөөд нэмэргүй.
-Иргэд шүдний эмнэлгүүдийн тариф өндөр байна гэж шүүмжилдэг?
-Уг нь гадны орнуудтай харьцуулахад Монголд шүдний эмчилгээ чанартай сайн хийгддэг хэрнээ үнэ нь хэд дахин бага байдаг. Гадаад оронд амьдардаг монголчууд тэнд нэг хүүхдийнхээ шүдийг эмчлүүлэх мөнгө нь Монголдоо гэр бүлээрээ ирээд, амраад, бүгдээрээ шүдээ үзүүлж үйлчилгээ аваад буцах зардалтай нь тэнцдэг гэж ярьдаг. Иймээс олон гэр бүл эх орноо зорьж ирж шүдээ үзүүлж, эмчилгээ, үйлчилгээ аваад буцдаг. Үнийн хувьд ч эрс ялгаатай байгааг хэлдэг. Гэтэл иргэд “үнэтэй байна, санхүүгийн дарамт үүсгээд байна” гэдэг. Тэгэхээр ингэж ойлгохгүйгээр шүдээ эрүүл байлгах ёстой юм байна, энэ чинь маш чухал эрхтэн юм байна. Эмчилгээ хийлгэснээр, шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлснээрээ эрүүл байх юм байна. Зөвхөн шүд ч биш миний бие цогцоороо эрүүл байх нэг үндэс нь энэ юм байна гэж ойлгож, ач холбогдол өгч хандах хэрэгтэй юм. Нэг тийм улсаас халамж хүссэн, даатгал хүссэн, үргэлж гомдоллосон, манай улс миний шүдийг үнэгүй үзэж, эмчлэхгүй байна гэдэг байдлаар хандмааргүй байгаа юм. Дэлхийн аль ч улс оронд шүдний үзлэг, эмчилгээ, оношилгоо даатгалд ордоггүй. Яагаад даатгалд оруулахгүй байгаа юм бэ гэхээр, хувь хүн өөрөө урьдчилсан сэргийлэх боломжтой өвчлөл байхгүй юу. Боломжгүй, хүнд хэлбэрийн өвчлөлүүд бол даатгалд орсон байдаг. Тэгэхээс ч аргагүй. Тухайлбал, хэцүү хүнд хагалгаануудын 50 хувь нь даатгалд хамруулна гэх мэтээр баталчихсан, улс зардлыг нь хөнгөлдөг, төлбөрийг нь төрөөс хариуцдаг эмчилгээ, хагалгаанууд бий. Шүдний үзлэг, оношилгоо, эмчилгээ болохоор гадаадын аль ч улсад даатгалд ордоггүй. Яагаад гэхээр би түрүүн хэллээ, энэ бол хувь хүн өөрөө хамгаалах, урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Үнэгүй үйлчилгээ үзүүлээд байвал иргэд эсрэгээрээ шүдэндээ анхаарахаа больж эхэлнэ. Арчлахаа болино. Шүд бол байнгын хэвшил, дадал зуршил болгож арчлах, хамгаалах ёстой болохоос зүгээр нэг удаа угаахыг угаачихлаа, арчиллаа гэхгүй. Өглөө босоод цайгаа ууж, өдөр, орой хоолоо идэж байгаа бол хооллож дуусаад шүдээ заавал угааж цэвэрлэх ёстой. Гэтэл тийм дадал суугаагүй хүмүүсийн шүд удаан хугацаандаа цоорол үүсэж, өвчилж байна. Амны хөндийн эрүүл ахуйн энэ мэдлэгийг хүүхдэд цэцэрлэгийн наснаас нь суулгах ёстой. Жирэмсэн ээжүүд ураг хэвлийд байхаас эхэлж хүүхдийнхээ шүдэнд анхаарах ёстой. Харамсалтай нь жирэмсэн атал шүд нь өвчлөл ихтэй ээжүүд ирдэг, магадгүй амжаагүй байж болох юм. Эсвэл тэр талын мэдлэг дутмаг байсан ч байж болох. Тиймээс бид хүлээж авахгүй гэдэггүй ямар ч байсан үзээд, зөвлөөд, эмнэлгийн тусламж үзүүлэхээс аргагүй. Жирэмсэн ээжүүд ирэхэд би юу гэж хэдэг вэ гэхээр, санаа зоволтгүй шүдээ бага багаар эрүүлжүүлээрэй, хоололтдоо анхаараарай гэж зөвлөдөг. Жирэмсэн үед хоололт өөр болдог, идэж буй хоолны давтамж, дуршил өөрчлөгддөг. Хөхөндөө сүү оруулна гээд нүүрс ус ихтэй боорцог, гурилан бүтээгдэхүүн түлхүү хэрэглээд ирэхээр шүд нь цоороод эхэлдэг. Мөн нярайг төрсөн цагаас нь анхаарч зориулалтын өнгөр цэвэрлэгч сойзоор хэлийг нь цэвэрлэж, арга ядахад ариун бинт эмийн сангаас аваад гараа сайн угааж халдваргүйжүүлж байгаад цэвэрлэж болно. Анхны цахиур нь цухуйж эхлэнгүүт шүдийг нь сойзоор угаагаарай гэж манай эмч нар ээжүүдэд зөвлөдөг. Жирэмсэн ээжүүд эмчээс сонссон зөвлөгөөг амьдралд хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй нэг сонсоод эсвэл нэг удаа хүүхдийнхээ шүдийг угаачихаад орхичихож болохгүй.
-СОЙЗОО ЗӨВ СОНГОХ НЬ МАШ ЧУХАЛ-
-Оо, сойзны хувьд ямар зөвлөгөө өгөх бол?
-Монголд худалдаалагдаж байгаа шүдний оонууд фторын агууламж өндөртэй, чанарын хувьд сайн байдаг. Харин сойзоо зөв сонгох хэрэгтэй. Сойз бол ооноос ч илүү чухал. Оогүй ч шүдээ угааж болно, гол нь сайн сойз сонгох хэрэгтэй. Сойзны хэмжээ, үснийх нь зөөлөн, хатууг тааруулах их чухал. Сойз нь дотроо гурван төрөлтэй. Хатуу үстэй, дунд зэрэг болон зөөлөн үстэй сойз гэж байдаг. Хатуу үстэй сойзоор хиймэл шүдэлбэрүүдийг угаах ёстой. Авдаг болон авдаггүй хиймэл шүдэлбүүдийг угаана. Мөн гажиг заслын зэмсэг зүүдэг бол тэрийгээ авч байгаад угаах хэрэгтэй. Тэгэхээр хатуу үстэй сойз бол хүний өөрийн эрүүл пааланд зориулагдаагүй байх нь байна шүү дээ. Дунд зэргийн үстэй сойзоор хэвийн эрүүл шүдтэй хүн угаана. Зөөлөн үстэй сойз нь хүрэх төдийд цус гараад байгаа буйлны үрэвсэлтэй хүнд хэрэгтэй. Буйлны үрэвсэлтэй хүмүүст хатуу үстэй сойз тохирохгүй. Жирэмсэн ээжүүд гармоны нөлөөгөөр буйл нь хавагнаж, амархан үрэвсдэг учир тэр үед нь зөөлөн үстэй сойзоор шүдээ угаахгүй бол хатуу үстэй сойзоор үрээд цус гаргаад байвал буйлаа улам гэмтээж тэр нь хүндэрнэ. Иймд бид өөртөө тохирсон зөв сойзыг сонгох хэрэгтэй. Сойзны хэмжээ бас чухал. Хүн болгоны царай төрх өөр байдаг шиг, шүднийх нь анатомын бүтэц бүгд өөр. Сойзоо сонгохдоо тухайн хүний өөрийнх нь төвийн үүдэн шүд буюу хоншоорын үүдэн хоёр шүдний урттай ижил хэмжээтэй сойзыг сонгох юм бол хамгийн стандарт сойз гэж үзнэ. Хэтэрхий том сойз жижиг амтай хүнд тохирохгүй, шүд дутуу угаагдана. Угаахад шүдний зарим гадаргуу нь орхигдоно. Тэгэхээр сойзоо жижигрүүлж, шүдэндээ таарсан хэмжээтэйг сонгож, зөв цагтаа зөв угаах ёстой. Сайн угаана гэдэг нь байнга буруу угаагаад байхыг хэлэхгүй. Би шүдээ угаадаг гэж хэлдэг хэрнээ цоорол үүссэн зөндөө хүн байдаг. Тэр хүмүүсийг би огт угаахгүй байж угаадаг гэж хэлдэг гэж бодохгүй байна. Гол нь буруу угаагаад байгаатай холбоотой. Яг арилгах ёстой өнгөрөө арилгахгүй, тухайн цагт нь зөв угаахгүй байна гэсэн үг. Тиймээс цоорол үүсээд байгаа юм.
-Танай эмнэлэг хиймэл шүдэлбэр хийдэг үү?
-Хиймэл шүдэлбэр нь дотроо авагддаг болон авагддаггүй гэж хоёр янз байдаг. Авагддаг шүдэлбэр нь амнаас авч угааж цэвэрлээд буцааж зүүдэг шүдэлбэрийг хэлнэ. Энэ нь дотроо мөн гурван төрлийн материалаар хийгддэг, хатуу, уян, металтай гэж бий. Хатуу, уян хоёр нь хуванцар материалтай. Ийм шүдэлбэрийг гадны өндөр хөгжилтэй орнуудад түр шүдэлбэрээр л зүүдэг. Та шүдгүй болсон бол түр хугацаанд үүнийг зүүж байгаад авагддаггүй шүдэлбэрээ хийгээрэй гэж зүүлгэдэг гэсэн үг. Металл шүдэлбэрийг бол урт хугацаанд зүүж болно гэж үздэг. Гэвч боломжгүй юм бас бий. Яалт ч үгүй өндөр настай хүмүүсийг, амьдралын боломж тааруу иргэдийг шууд өндөр өртөгтэй авагддаггүй шүдэлбэр хийлгэ гэж зөвлөөд байх боломжгүй. Тиймээс манай улсад хатуу болон уян шүдэлбэр түгээмэл хийгддэг. Тэр шүдэлбэрийг 1-2 жил зүүх ёстой. Үүний дараа заавал солиулах шаардлагатай. Мөн хиймэл шүдэлбэрээ маш сайн арчилж угаадаг байх ёстой. Авагддаггүй шүдэлбэр гэхээр имплант буюу эрүү буюу хоншоорын ясанд суулгадаг шүдэлбэр байдаг. Нэг бол гүүрэлсэн бүрээс гэж байдаг. Гүүрэлсэн бүрээс гэдэг нь өөрт нь байгаа шүдийг нь засаж тулгуур болгоод, түүнд нь тогтоодог. Энэ хоёр нь авагддаггүй шүдэлбэрүүд юм. Иргэдийн андуураад байдаг нэг зүйл бол риббонд шүдэлбэр, манай эмнэлгүүд ч түгээмэл хийдэг. Риббонд нь нарийхан утас юм, маш туяхан хэрнээ хэрэглэдэг материалуудыг нь ашиглах юм бол авагддаггүй шүдэлбэрийг зэргэлдээ хоёр шүдэнд нь тогтоогоод хийж болдог. Ийм шүдийг манайхан авагддаггүй, байнгын шүдэлбэртэй андуурч хийлгэе гээд байдаг. Риббонд нь нэгдүгээрт, үүдэн шүдэнд хийвэл зохистой. Хоёрдугаарт, тэрийг хийхийн тулд тухайн хүний амны хөндий харьцангуй эрүүл, шүд нь цооролгүй, шүдээ сайн арчилдаг байх ёстой. Дээрээс нь тэрийг урт хугацаандаа хийлгээд дэмий. Риббондыг хоёр талын шүдэнд нь наачихаж байгаа учраас завсраар нь идэж уусан юмны үлдэгдэл орно, бохирдол үүсэх гээд байдаг. Тиймээс түр хугацаанд хийлгэж явж байгаад дараа нь тэрийгээ авахуулж, байнгын шүдэлбэр хийлгэх ёстой. Ер нь бол хиймэл шүдэнд анхаарах гол зүйл бол хэрэв та шүдээ ямар нэгэн байдлаар авахуулсан л бол заавал шүдэлбэр хийлгэх ёстой. Шүдгүй явж болохгүй. Шүдгүй явна гэдэг дараа дараагийн хүндрэлүүд үүсэх магадлалтай. Жишээ нь, тухайн хүн баруун талын доод араагаа авахууллаа гэхэд хоол идэхдээ байгаа шүдээрээ л иднэ. Нөгөө талаараа зажилж иднэ. Ингээд зүүн талаараа байнга хоол идээд байлаа гэж бодъё. Энэ тохиолдолд зүүн талын булчингууд чангарч эхэлнэ. Зүүн талд шүдний ачаалал нэмэгдэнэ, ломботой шүд байсан бол тэр нь муудаж эхэлнэ, зарим ломбо нь унана. Цооролтой шүд байсан бол цоорол нь улам нэмэгдэнэ. Зүүн талын шүд муудаж авахуулаад ирэхээр үлдсэн шүдээрээ идэх хэрэг гарна. Үүдэн шүдээрээ юм идэх хэрэг гарна. Ингэхээр үүдэн шүд бас л муудна. Хүний шүднүүд тус бүрдээ үүрэгтэй. Хоолны бөөмийг хувааж зажилж идэх ёстой. Зажлалтын даралтыг тэнцүү барих ёстой байтал аль нэг шүдний ачааллыг ихэсгээд байж болохгүй.
-Танай эмнэлэг эмчилгээний материалаа хаанаас авдаг вэ?
-Бид ломбоны материалыг Японоос оруулж ирдэг. Японы материал өнгөний хувьд монгол хүний шүдтэй дөхүү, дээр нь зажлалтын даралтыг сайн даадаг. Амархан элэгдэж муудаад байдаггүй. Ер нь бол бид аль сайн гэсэн болгоныг л авч хэрэглэж байна. Жишээ нь, шүд цайруулах материал гэхэд Америкийнхийг сонгож хэрэглэж байгаа. Яагаад гэвэл, АНУ-ын ''Ультрадент'' брэндийн шүд цайруулах эмчилгээ нь дэлхийд нэгдүгээрт ордог. Дэлхий даяар бүтээгдэхүүнээ борлуулдаг, Монголд орж ирээд олон жил болж байгаа, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж ч сайн байдаг. Гажиг заслын эмчилгээний аппаратуудыг БНХАУ-аас авдаг. Хятадынх гэхээр муу байх гэсэн ойлголт манай зарим хүмүүст байдаг бол улсын эмнэлгүүдэд ашигладаг нь маш чанартай, улсын том үйлдвэрүүдийнх нь аппарат, нум, гажиг заслын зэмсэг нь үр дүн сайтай байдаг. Гол төлөв олон жил туршигдаж, ашиглагдаад явж байгаа чанартай бүтээгдэхүүнүүд байгаа.
-Шүдний их эмч, нүүр амны мэс засалч хүний зүгээс манай уншигчид болон хэрэглэгчдэд хандаж та юу хэлэх бол?
-Манай эмнэлэг шүдний урьдчилан сэргийлэх эмчийн үзлэг, зөвлөгөөг өдөр бүр үнэгүй өгч байдаг. Бид ажлын өдрүүдэд өглөө 9-21 цаг хүртэл, амралтын өдүүдэд 10-16 цагийн хооронд ажилладаг. Манай эмнэлэгт ирж, мэргэжлийн эмчээс өөртөө тохирсон эмчилгээ, үйлчилгээний талаарх зөвлөгөөг үнэ төлбөргүй аваарай гэж хүсэж байна. Яагаад гэвэл, одоо өвдөхгүй байгаа ч гэсэн, таны шүдэнд цоорол үүссэн байж болно. Цоорол нь архаг болон хурц гэж хоёр хэлбэрээр явагддаг. Хурц хэлбэр нь их өвдөлттэй, шууд өвдөж мэдэгдэнэ. Архаг хэлбэр рүү шилжсэн цоорол нь өвдөхгүй хэрнээ цоорол нь нэмэгдээд байдаг. Тиймээс магадгүй таны мэдэхгүй байгаа цоорол үүсэж байж болох юм. Буйлны доор чулуу үүссэн байж болно. Гажиг үүсэж байж болно. Та гэр бүлээрээ ирж, мэргэжлийн эмчээс өөртөө тохирох эмчилгээний талаар үнэгүй зөвлөгөө авч, хүүхдүүддээ шүд угаалтыг заалгаж бас болно. Манай эмнэлгийн үүд хаалга үргэлж нээлттэй байдаг гэдгийг уламжилья. Би эмч болсон учраас, энэ мэргэжлийг сонгосон учир хийх ёстой гол зүйл маань энэ гэж боддог. Монгол Улсынхаа ард иргэдэд өөр зүйлээр хандив өгөх юм уу, бусад зүйлээр тусалж би чадахгүй шүү дээ. Тиймээс өөрийн тусалж чадах зүйл маань энэ учраас эмнэлгээ иргэдэд зөвлөн туслах чиглэлд анхаарч, ирсэн хүмүүст маш сайн зөвлөгөө өгч бай, шүд угаалтыг зааж өгч бай, эрүүл мэндийн боловсрол олгож бай гэж захихын сацуу зорьж ажилладаг. Иймд манай эмнэлгийн “Очир мед” цахим хуудас руу орж мэдээлэл авч болно. Цахим хуудаст байгаа эмнэлгийн хаяг, утасны дугаараар харилцаж, цаг авч үйлчлүүлж болно. Эмнэлгийн маань нэг салбар нь Хөгжим бүжгийн коллежийн урд, нөгөө салбар нь Нисэхийн аюулгүйн тойргийн баруун урд Спорт комплекийн урд байрладаг. Манай эмнэлгээр очиж үнэгүй зөвлөгөө аваарай, амны хөндийнхөө эрүүл мэндэд анхаараарай. Хөдөө орон нутгийнхан шүднийхээ зургийг дараад цахимаар илгээж, зовиураа хэлээд зөвлөгөө авч болно шүү. Бид чадах хэрээр, өөрсдийн боломжоор туслахад хэзээд бэлэн гэдгийг хэлье.
Сэтгэгдэл ( 0 )