Шашны боловсролыг олгох замаар иргэдийн ёс зүй ухамсрыг дээшлүүлж, амар амгалан нийгэм байгуулах нь чухал хэмээдэг. Шашны боловсрол олгоно гэдэг нь шашны сургууль нээж хүүхэд элсүүлэн лам бэлдэх бус, буддын шашны нигүүлсэнгүй, шударга, хүлээцтэй байх сургаалийг олон нийтэд таниулан сурталчлах тухай юм. Үүнд хамгийн чухал үүрэгтэй салбар бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл билээ. Сэтгүүл зүй судлаач, Хүмүүнлэгийн Ухааны их сургуулийн багш, доктор /Ph.D/ Л.Ариун Буддын шашны сэдвийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэрхэн тусгаж буйг авч үзжээ. Энэ тухай судлаачтай ярилцлаа.
-Буддын шашин нийгэм, улс орны хөгжилд ямар үр нөлөөтэй тухай таны судалгаанд бий юу? Таны судалгааны ажлын зорилго юу вэ?
-МУИС-ийн философи, шашин судлалын тэнхимээс эрхлэн гаргасан “Шашин судлал” номд “Тухайн орны тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдал, оюун санааны эв нэгдэлд шашин хамгийн том хүчин зүйл болдог, нийгмийн ёс суртахуун, соёл уламжлал, амьдралын хэв маяг, байгаль дэлхийгээ хайрлан ухаан, хүн хоорондын харилцаа зэрэг олон зүйлд шашны үзэл онол, сургаал номлол хүчтэй нөлөөлж ирсэн” хэмээн тэмдэглэсэн байна. Тиймээс улс үндэстний тусгаар тогтнол, аюулгүй байдал, эв нэгдэл, соёл иргэншлийн салшгүй хэсэг болсон шашны асуудлыг манай хэвлэл мэдээлэл хэрхэн мэдээлж ирсэн хийгээд хэрхэн мэдээлэх нь зүйтэй юм бэ гэдгийг энэхүү өгүүллээрээ гаргахыг зорьсон юм
-Зөвхөн буддын шашны асуудлыг мэдээлж байгаа байдал юм уу, эсвэл бүх л шашны асуудлыг хэвлэл мэдээлэл хэрхэн тусгах тухай авч үзсэн үү?
-Буддын шашин бидний уламжлалт шашин юм. Тиймээс энэ шашныхаа сургааль номлолыг түгээж буй хийгээд хэрхэн мэдээлэх тухай асуудлыг авч үзсэн юм. Улс үндэстэн бүхэн дэлхийн шашны аль нэг урсгал чиглэлийн тодорхой нөлөөнд байхын зэрэгцээ үндэсний уламжлалт шашинтай байдаг. Монгол дорно дахины улс түмний нэгэн адил шашны уламжлал нь хүмүүсийн ахуй амьдралд гүн бат шингэж заавал даган мөрдөх ёс, зарчим болж байсан. Монгол Улсын хувьд Төр сүм, хийдийн харилцааны тухай хуулийн хоёрдугаар бүлгийн дөрөвдүгээр зүйлийн 4.2-т “Төрөөс Монголын ард түмний эв нэгдэл, соёл иргэншлийн түүхэн уламжлалаа эрхэмлэхийн үүднээс Монгол Улс дахь буддын шашны зонхилох байр суурийг хүндэтгэн үзнэ. Энэ нь иргэд бусад шашин шүтэхэд саад болохгүй” хэмээн заасан байдаг. Өөрөөр хэлбэл, бидний хувьд голлох шашин нь буддын шашин байна гэсэн агуулгыг хуульд тусгаж өгсөн байна. Үнэхээр ч буддын шашин бидний түүх, уламжлал, соёл ёс заншил, аж амьдрал, урлаг, хэл бичиг, уламжлалт анагаах ухаан, тоо, одон орон судлал, яруу найраг гээд олон салбар ухаанд нөлөөлж ирсэн өдгөө ч энэ нөлөөлөл хүчтэй байна.
-Төрөөс шашны талаар авч хэрэгжүүлэх бодлого, баримтлах зарчмын талаар судлаачид юу гэж дүгнэсэн байдаг бол?
-Судлаач М.Амарбаяр “Эгүүр.мн” сайтад бичсэн нийтлэлдээ “Дэлхийн улс орон бүр өөрийн үндэсний соёл, уламжлал, нийгмийн сэтгэл зүйг удирдан авч явдаг шашны талаар төрөөс хэрэгжүүлэх бодлогыг зөв тодорхойлж үндэстнийхээ соёлыг түгээх, уламжлалаа хадгалахад төрөөс тодорхой зарчмыг баримтлан бодлогыг хэрэгжүүлж ажилладаг. Ардчилсан нийгмийн шинэ шатанд хүний эрхийг хангахад чиглэсэн төрийн бодлого хэрэгжүүлж байгаа боловч улс үндэстний язгуур эрх ашгийг агуулдаг, нийгмийн сэтгэл зүйг удирдан чиглүүлдэг, ард иргэдийн оюун санааны нэгдмэл ойлголтыг бий болгодог шашин, тэрхүү шашны талаарх авч хэрэгжүүлэх бодлого төрийн түвшинд ч, хууль эрх зүйн хүрээнд ч дутуу дулимаг байж, нийгмийн шинэ үзэгдэлд төрийн байр суурь тодорхойгүй, түүний зохицуулалт эрх зүйн хүрээнд шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн, тулгамдаж буй асуудал багагүй гарч шийдвэрлэх арга замаа хайж хариултаа хүлээж байна” хэмээгээд. Энэ нөхцөл байдлаас үүдэн шашны замбараагүй байдал газар авсан, шашны асуудлаар төрийн байгууллагуудын уялдаа холбоо сул, бодлого гаргагч, хэрэгжүүлэгч этгээдийн шашны талаарх ойлголт зөрүүтэй буюу нэгдсэн ойлголтгүй байдал бий болсон хэмээн шүүмжилсэн байна.
-Өнөөгийн манай нийгэмд шашны асуудлыг ярьсан, шашин шүтсэн нэгнээ ялгаварлах, мухар сүсэг, тархи угаалт гэх мэтээр шүүмжлэх нь цөөнгүй энэ тухай та юу хэлэх вэ?
-Энэ олон янзын хүчин зүйлтэй холбоотой бөгөөд олон нийтийн дунд байх энэ зөрүүтэй ойлголт буддын шашныг социализмын үед түүхийн үүднээс гуйвуулж ирсэн улбаа, Марксын онолоор “Шашин бол хар тамхи” гэсэн афоризм өнөөг хүртэл хүчтэй оршиж байгаа байдал мөн манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа олон шашны урсгал бие биенээ үгүйсгэх маягаар өрсөлдөж байгаа байдлаас үүдсэн буруу ташаа мэдээлэл зэрэгтэй холбоотойг судлаачид өгүүлсэн байсан.
-Тэгвэл буддын шашныг хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэрхэн мэдээлэх нь зүйтэй вэ?
-Буддын шашин, түүний төлөөлөгчид лам хуврагууд, сүсэгтэн олныг шүүмжлэх, гутаан доромжлох, үгүйсгэх хандлага нийгэмд маш их байгааг X Богд тодорсонтой холбоотой сошиал сүлжээний мэдээллүүд, түүний сэтгэгдлүүдээс тод харагдсан. Харин мэргэжлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд X Богд тодорсонтой холбоотой асуудлаар судлаач эрдэмтдийн үгийг олон нийтэд хүргэсэн нь Богд төдийгүй бурхны шашны тухай ойлгомжтой тодорхой мэдээлэл, ойлголт авах боломж олгожээ.
Шашны түүх судлалын томоохон төлөөлөгчийн хэвлэлд өгсөн ярилцлагуудыг судлан авч үзэхэд бурхны шашны агуулгыг хэвлэл мэдээлэл дамжуулах нь яагаад чухал вэ, ямар ач холбогдолтой вэ, хэрхэн мэдээлэх ёстой вэ гэдэгт тодорхой хэмжээгээр хариулт өгнө гэж үзсэн. Судлаач Ж.Лхагвадэмчигийн буддимын агуулга утга, учрыг энгийншүүлэн таниулсан “Сэтгэл тэнүүн амьдархуй” номын өмнөтгөл үгэнд зохиолч Г.Аюурзана ““Хүн мэдэхгүй зүйлийхээ дайсан” хэмээсэн онцгой үг бий. Хэдийгээр монголчууд зуун зууны туршид буддизмыг дагаж шүтэж ирсэн ч дийлэнх, олонх маань буддын гүн ухааны ч, ёс зүйн үндсийг ч голтой мэддэггүй явж ирсэн, мэддэггүй хэвээрээ үлджээ.Буддизм бол, шашныг мухар сүсгийн хэмжээнд л ойлгодог цэцэрхэгчдийн дүгнэдэгчлэн, улс орны хөгжилд чөдөр тушаа болж байгаа хоцрогдол огт биш. Харин ч хувь хүний төдийгүй нийгмийн оюун санаанд шинэ дэвшил авчрах хамгийн чухал хөшүүрэг маань юм” хэмээсэн байна. Энэ эшлэл манай өнөөгийн нийгэм олон нийтийн бурхны шашинд хандаж буй нийтлэг хандлага, ойлголтыг мөн хэвлэл, мэдээллийн үндсэн сэдэв, агуулга болж мэдээлэх нь ямар ач холбогдолтойг тодорхой өгүүлжээ. Мөн ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Шашин судлалын салбарын эрхлэгч, доктор М.Батаа X Богд тодорсонтой холбоотой асуудлаар Gogo.mn сайтад өгсөн ярилцлагадаа “Хэвлэл мэдээллийн та бүхэн энэ талаар маш тодорхой асууж, олон нийтэд мэдээлэл өгч байгаа нь маш чухал. Барууны ертөнц сонирхоод эхэлсэн энэ үед Монголчууд эв нэгдэлтэй байж, бурхан шашны байгууллагынхан маань алсыг харсан бодлоготойгоор шашин, соёл уламжлалаа хөгжүүлсэн, шинжлэх ухаантай хослуулсан ирээдүй рүү зорих байх. Ингэж явж чадвал Монголдоо төдийгүй дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөнө. Энэ бол цаг хугацааны асуудал” гэсэн бол News.mn сайтад Монгол Улсын Их сургуулийн Антропологи-Археологийн тэнхимийн багш, доктор.Ж.Лхагвадэмчиг Х Богдыг тодруулж, залсан тухай ярилцлагадаа “Монгол Улсын буддын шашинтнууд Үндсэн хуульд заасан шашин шүтэх эрх чөлөөгөө эдэлж байна. Монгол Улс иргэдийнхээ шашин шүтэх, эс шүтэх эрхийг хүндэтгэн хамгаалдаг ардчилсан улс юм байна гэдгийг дэлхийд харуулж байна. Монголын буддын шашны институцийн асуудал тодорхой болж байх шиг байна. Монгол Улсын шашин шүтэгч иргэдийн 80-аас дээш хувийг эзэлж буй буддын шашинт иргэдийн эв нэгдэлд эерэг нөлөөтэй хэмээн үзэж байна (https://news.mn/r/2633090/, 2023) гэсэн байна. Түүхч, судлаач доктор О.Батсайхан eguur.mn д өгсөн “Х богдын нөлөө: Шашныг эергээр харах нь нийгмийн сэтгэлзүйд тустай” ярилцлагадаа шашны нийгэмд гүйцэтгэх үүрэг, бурхны шашны өнөөгийн байдал, иргэд олон түмэн шашиндаа хандаж буй хандлага, цаашид хэрхэн ёстойг тодорхой өгүүлсэн байсан.
-Сэтгүүлчдэд шашны асуудлыг хэрхэн мэдээлэх тухай гарын авлага болохуйц тодорхой зүйл бий юу?
Сэтгүүл зүйн онолын үүднээс шашныг асуудлыг хэрхэн тусгах тухай тухайлан авч үзсэн эрдэмтдийн бүтээл, судалгаа хараахан байхгүй. Гэвч хэвлэл мэдээллийн хэрэгслүүд редакцийн бодлогын хувьд ардчиллын үзэл санаа, тулгуур зарчмуудыг хамгаалж, нийгмийн тэгш эрхийг дээдэлж, хүний эрх, эрх чөлөөг хөхиүлэн дэмжиж, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах сэдэвт нийтлэл нэвтрүүлгүүдийг түлхүү тусгана гэсэн үзэл баримтлалтай явж ирсэн. Энэ үүднээс авч үзвэл буддын шашны сэдэв манай хэвлэл мэдээллийн хэрэгслийн томоохон сэдэв юм. Нөгөө талаас авч үзвэл нийт хүн амын дийлэнх олонхийн шүтдэг бурхны шашны зөв ойлголт мэдлэг, мэдээлэл өгөх эрэлт хэрэгцээ шаардлага ч байна гэж харж байна. Хамгийн чухал нь бурхны шашны ойлголт дээр тулгуулан нийгэм олон нийтийн ёс суртахууныг дээшлүүлэх, оюун санааны түвшинг ахиулах боломжтой хэмээн судлаачид онцлон тэмдэглэсэн байгааг анхаарах хэрэгтэй. Бурхны шашны үндсэн сургаалиудад уур омог, шунал хүслийг тэвчих дарах тухай их гардаг. Энэ бүхнээс үүдэлтэй авилга, хээл хахууль, хулгай, ядуурал, архи тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, гэр бүлийн хүчирхийлэл, осол аваар зэрэг нийгмийн тулгамдсан асуудлууд хэвлэл мэдээллийн үндсэн том сэдэв билээ. Тиймээс бурхны шашны нигүүлсэнгүй, шударга, хүлээцтэй байх сургаалийг олон нийтэд таниулан сурталчлах замаар нийгмийн ёс суртахууныг дээшлүүлэх нөлөөг хэвлэл мэдээлэл үзүүлэх бүрэн боломжтой. Хаана нийтээрээ ёс суртахуунтай байна тэнд амар амгалан, шударга ёс, хөгжил цэцэглэл, тэгш байдал оршдог хэмээдэг.
-Та судалгаагаа ямар хүрээнд хийсэн бэ? Ямархуу үр дүн гарав, өөрөөр хэлбэл манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд буддын шашны асуудлыг хэрхэн мэдээлж байна вэ?
-Манай хэвлэл мэдээлэл шашны асуудлыг, тэр дундаас бурхны шашны асуудлыг хэрхэн тусгаж байгааг ажиглах зорилгоор үндэсний өдөр тутмын гурван сонин, мэдээллийн томоохон гурван сайтад ажиглалтын судалгаа хийлээ. News.mn, ikon.mn, gogo.mn мэдээллийн сайтуудад тодорхой үгнүүдийн хайлтаар, өдөр тутмын “Өдрийн сонин”, “Зууны мэдээ”, “Өнөөдөр” сонины сүүлийн гурван сарын дугааруудад буддын шашин, ер нь шашны сэдвээр нийтлэгдсэн бүх материалуудыг шүүн үзлээ. Юуны өмнө шашны сэдэв хэвлэл мэдээллээр маш бага гардаг нь харагдаж байна. “Өнөөдөр” сонин гэхэд сүүлийн гурван сарын дугаарт мэдээ, сурвалжлага, ярилцлагын таван бүтээл нийтэлсэн байна. “Өдрийн сонин” харьцангуй олон буюу 11 материал гаргасаны дийлэнх нь буддын шашны сэдвээр судлаач мэргэжилтнүүдээс дэлгэрэнгүй ярилцлага авсан, Ромын папын айлчлал, Даншиг наадмын тухай дэлгэрэнгүй сурвалжлага хийж гаргажээ. Сайтуудын хувьд “Шашин”, “Гандан”, “Лам”, “Сүсэгтэн”, “Богд” гэх мэт үгээр хайлт хийж түүсэн ба он цагийн хувьд сүүлийн таван жилийн материалуудыг сонгож авч ажигласан. Нийтлэг ажиглаж байгаа зүйлс нь “Даншиг наадам болно”, “Бурхан багшийн их дүйчин өдөр тохионо” гэх мэт үйл явлын товч мэдээ байх агаад өнгөрсөн жилийн зургаадугаар сард болсон Лам хүүхдийн хүчингийн хэргийн тухай бүх л хэрэгслүүд хэдэн өдөр дараалан мэдээлжээ. Мөн энэ жилийн томоохон үйл явдал Ромын Папын айлчлалын сурвалжлага, ярилцлага зэрэг даацтай материалууд, X Богд тодорсонтой холбоотой тодруулга ярилцлага судалгаа хийсэн бүх хэвлэлүүдэд ямар нэг хэмжээгээр байна. Дээрх гурван томоохон үйл явдал болоогүй бол бурхан ном, гандан хийд, лам, сүсэгтэн олны тухай мэдээлэл маш хомс байдаг нь 4-5 жилийн өмнөх сайтуудын мэдээллээс харж болохоор байна. Үнэхээр манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сэтгүүлчид шашны талаар ойлголт мэдлэг байхгүй байна, мөн зөв талаас нь өөрөөр хэлбэл өв соёл талаас нь ярьж таниулдаг хэв загвар алга. Нэг бол үйл явдлыг дурдсан төдий мэдээ, нөгөө бол гандан хийд, лам хуврагийг буруутгасан, шүүмжилсэн, лам нартай холбоотой хэрэг зөрчлийн мэдээг дуулиан шуугиан болгосон байдлаар мэдээлж байгаа нь харагдаж байна. Зүй нь буддын шашныг бидний өв соёл, уламжлал, өнөөгийн бидний нийгэмд нэн хэрэгтэй байгаа ёс зүй, ёс суртахууныг номлодог, эрдэмтэн мэргэдийн тусгаар тогтнолд оруулсан хувь нэмэр, лам нарын сурч боловсордог арга барил, ховор нандин өв уламжлал тээж ирсэн гэдэг талаас нь харуулах ёстой мэт санагдана.
-Буддын шашин хүн амын дийлэнх олонх шүтдэг тухай та дээр дурдлаа тийм судалгаа бий юу?
-2020 оны “Хүн ам, орон сууцны тооллого”-ын дүнгээр нийт шашин шүтэгч Монгол Улсын иргэдийн 86.2 хувь нь буддын шашин шүтдэг гэсэн статистикийн тоо байна. Бүр нарийвчилбал манай улсын 15 наснаас дээш хүн амын 60.0 хувь нь шашин шүтдэгээс 90.0 орчим хувь нь буддын, 5.4 хувь нь мусульманы, 4.2 хувь нь бөөгийн, 2.2 хувь нь христийн шашин шүтдэг гэсэн судалгаа гарчээ. Энэ хэмжээгээр буддын шашны нөлөө нийгэмд байна гэсэн үг. Нөгөө талаар шүтдэг шашныхаа талаар зөв мэдээлэл авах, мэдлэг ойлголтоо улам нэмэгдүүлэх, ёс суртахуун, сахилга батаа улам сайжруулах хэрэгцээтэй хэрэглэгч байна гэдгийг хэвлэл мэдээллийн хэсэгслүүд анхаарах хэрэгтэй. Эдгээр хэрэглэгчдээ зориулаад буддын шашны тухай мэдээ мэдээлэл түгээх орон зай байгаа нь харагдаж байна. Мөн хэвлэл мэдээлэл нь нийгмийг соён гэгээрүүлэх, зохион байгуулалтад оруулахад нөлөө үзүүлдэг хамгийн хүчтэй хэрэгсэл. Энэ чанараа ашиглан буддын шашны үндсэн сургааль болох ёс зүйтэй зөв хүн байх, бусдад туслах, бусдыг энэрэх, асрах, бусдын оронд өөрийгөө тавьж үзэж ойлгох, хамаг бүхийг эх буюу өөрийн ээж шигээ бодож хайрлах, байгаль дэлхийгээ хайрлах, хамгаалах гээд ёс суртахууны хэм хэмжээ, ёс зүйтэй амьдралыг нийгэмд түгээхэд хувь нэмрээ оруулах нь өнөөгийн энэ цаг үед үнэхээр чухал байгаа юм. Энэ мэдээллийн хэрэгцээг гандан хийдүүд, шашны төвүүд, лам хуврагуудын фэйсбүүк пэйж хуудсууд хангаж байна. Гэвч эдгээр нь судрын үгээр, шашны нарийн ойлголтоор, эсвэл зан үйл төдийгөөр хязгаарлагдаж байгаа тул олон нийтийн мэдээллийн хэрэгслийн үндсэн арга барилын дагуу олон түмэнд ойлгомжтой, хүртээмжтэй, сонирхолтой хэлбэрээр хүргэж хувь хүний ухамсар, ёс зүйн хэм хэмжээг тогтоох замаар нийгмийн ёс зүйг сайжруулах хэрэгцээ шаардлага байна үзэж судлаачийн хувьд үзэж байгаа юм
-Шашны агуулгатай мэдээлэл голдуу сөрөг агуулгатай байна уу?
-Нийгэм олон нийтийн хандлагаас улбаалан судлаачийн хувьд шашин, сүм хийд, лам нарын тухай мэдээлэл дийлэнх нь сөрөг байх болов уу гэсэн таамаглал байсан ч хэвлэлд гарч буй мэдээлэл голдуу үйл явдлын мэдээ байсан тул ийнхүү төвийг сахисан хандлагатай байлаа.
-Сэдвийн хувьд ямар онцлог ажиглагдаж байна?
-Дийлэнх нь түүх, шинжлэх ухаан, судалгаа, шашны зан үйлийн тухай холимог агуулга бүхий мэдээллүүд байна. X Богд тодорсонтой холбоотойгоор “X Богд Жавзандамба хутагт” гэсэн бие даасан сэдэв болж орж ирсэн нь хэвлэл мэдээлэл шашны асуудлыг сонирхох болж, энэ сэдвээр судлаач, эрдэмтдийн даацтай үгийг олон нийтэд хүргэх, энэ сэдвээр ч дамжиж бурхны шашны тухай илүү дэлгэрэнгүй зөв ойлголт мэдээлэл авах үндэс болжээ хэмээн дүгнэсэн. Мөн Ромын Пап ламын айлчлалын мэдээ, сурвалжлага бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслүүд маш их ач холбогдол өгч мэдээлсэн. Хамба лам ажил, албан тушаалаа хүлээлгэн өгөхтэй холбоотой мэдээлэл сүүлийн үед түлхүү байлаа.
-Ямар төрөл зүйлээр голдуу бичиж байна вэ, томоохон сурвалжлага, нийтлэл, дүн шинжилгээ хийсэн бүтээл сэлт байна уу?
-Мэдээж хэрэг үйл явдлын мэдээ голдуу, мөн даншиг наадам, Ромын Папын тухай мэдээ, сурвалжилга гарсан байна. Хэд хэдэн даацтай ярилцлага гарсаны дийлэнх нь X Богдын тухай мэргэжлийн судлаач эрдэмтнээс тодруулсан ярилцлага байлаа. Энэ бүхнээс манай хэвлэл мэдээлэл Монгол орны зонхилох шашин хэмээн үндсэн хуульдаа тунхагласан буддын шашны асуудлыг хэрхэн тусгаж байгаа ерөнхий дүр төрх харагдаж байгаа юм. Шашны сэдвээр бичих нь анагаах, эрүүл мэнд, экологи, эдийн засаг гэх мэт нарийн, эдээрээтэй ойлголт бүхий салбар ухаануудын адил энэ чиглэлээр мэргэшсэн сэтгүүлчийн хийх ажил. Сэтгүүл зүйн мэдээлэл дамжуулах зарчмын дагуу хэт нэг талыг барин сурталчлахгүй, бусад шашныг ялгарварлахгүй, эрх тэгш хандах, мэдээж хэрэг баттай эх сурвалж дээр үндэслэн аль болох бодит байдалд нийцсэн мэдээлэл түгээх учиртай. Ойлголт мэдлэг муутай сэтгүүлчийн бүтээл шашны зан үйлийг түлхүү харуулж, бодит байдлаас хэтийдсэн мэдээлэл дамжуулж, шашныг хэт магтан дуулсан, эсвэл мэт муушаан буруутгасан байх эрсдэлтэй. Хамгийн чухал нь шинжлэх ухааны судалгаа нотолгоо дээр суурилсан мэдлэг мэдээлэлд тулгуурлан нийтийн ёс суртахууныг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулах шаардлага, эрэлт хэрэгцээ байна хэмээн харж байна.
-Хамгийн чухал нь бурхны шашны ойлголт дээр тулгуулан нийгэм олон нийтийн ёс суртахууныг дээшлүүлэх, оюун санааны түвшинг ахиулах боломжтой хэмээн судлаачид онцлон тэмдэглэсэн байгаа нь сонирхолтой байна. Үүнд хамгийн чухал нөлөөтэй хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэрхэн тусгаж байгааг, хэрхэн тусгах ёстойг базаад нэг хэлбэл?
-Юуны өмнө шашны сэдэв хэвлэл мэдээллээр маш бага гардаг нь харагдаж байна. Нийтлэг ажиглаж байгаа зүйлс нь “Даншиг наадам болно”, “Бурхан багшийн их дүйчин өдөр тохионо” гэх мэт үйл явлын товч мэдээ байна. Манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сэтгүүлчид шашны талаар ойлголт мэдлэг бага байна, мөн өв соёл талаас нь ярьж таниулдаг хэв загвар алга. Нэг бол үйл явдлыг дурдсан төдий мэдээ, нөгөө бол гандан хийд, лам хуврагийг буруутгасан, шүүмжилсэн, лам нартай холбоотой хэрэг зөрчлийн мэдээг дуулиан шуугиан болгосон байдлаар мэдээлж байгаа нь харагдаж байна. Зүй нь буддын шашныг бидний өв соёл, уламжлал, өнөөгийн бидний нийгэмд нэн хэрэгтэй байгаа ёс зүй, ёс суртахууныг номлодог, эрдэмтэн мэргэдийн тусгаар тогтнолд оруулсан хувь нэмэр, лам нарын сурч боловсордог арга барил, ховор нандин өв уламжлал тээж ирсэн гэдэг талаас нь харуулах ёстой мэт санагдана. Буддын шашны нөлөө манай нийгэмд мөн өндөр. Мөн энэ сэдвээр зөв мэдээлэл авах, мэдлэг ойлголтоо улам нэмэгдүүлэх, ёс суртахуун, сахилга батаа улам сайжруулах хэрэгцээтэй хэрэглэгч цөөнгүйг анхаарах хэрэгтэй. Тиймээс хүн амын дийлэнх олонхийн шүтдэг бурхны шашны ойлголт мэдлэг, мэдээлэл авах эрэлт хэрэгцээ шаардлагад тулгуурлан нийгмийн ухамсар ёс зүйг дээшлүүлэх нь хэвлэл мэдээллийн салбарын бид бүхний хийх ёстой ажил, үүрэг мэт санагдана.
Сэтгэгдэл ( 1 )
Випашяна бясалгал хосолсон Номын айлдварууд сонсоод үзээрэй