Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 50 мянган тонн шахмал түлш нөөцлөөд байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 07 сарын 18

2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, төвийн дүүргийн иргэдийг шахмал түлшээр хангах ажлын хүрээнд хийгдэж буй ажил арга хэмжээний асуудлаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон, агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр Тавантолгой түлш ХХК, Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газрын төлөөлөлтэй уулзлаа.

Улаанбаатар хотод 200 мянган өрх гэр хороололд амьдардаг бөгөөд эдгээр өрх жилд 500-600 мянган тонн шахмал түлш хэрэглэдэг. Тавантолгой түлш ХХК нийт 650 цэгээр дамжуулж нийслэлийн 7 дүүргийн 200 мянган өрхөд нүүрс борлуулж байгаа. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд зуны улиралд 120 мянган тонн шахмал түлш нөөцөлдгөөс өнөөдрийн байдлаар 50 мянган тонн шахмал түлш нөөцөлжээ. Ирэх 9 дүгээр сард 120 мянган тонн шахмал түлш нөөцөлж дуусна гэдгийг холбогдох хүмүүс хэллээ.

Тавантолгой түлш ХХК-ийн зүгээс сайжруулсан түлш бэлтгэхдээ дотоодын барьцалдуулагч (Доломит) нэвтрүүлээд байгаагаа хэлж байлаа. Ингэснээр шаталтаас ялгарах хүхэрлэг хийг 30-50 хувь бууруулж байгааг онцоллоо.

“Таван толгойн түлш” ХХК-ийн Санхүү эдийн засгийн газрын дарга А.Батзориг: “Манай байгууллага Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, шахмал түлш үйлдвэрлэх зориулалтаар “Энержи Ресурс” ХХК-тай 2018 онд эрчим хүний нүүрс нийлүүлэх гэрээ байгуулсан. Гэрээний хугацаанд тус компани угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсийг уурхайн агуулахаас үнэ төлбөргүй таван жилийн хугацаанд нийлүүлсэн. Гэрээний хугацаа дууссан тул шахмал түлш үйлдвэрлэхэд эрчим хүчний баяжуулсан нүүрс буюу мидлингийн нөөцийн асуудал үүсээд байна. Одоогийн байдлаар нөөцөд 230 мянган тонн мидлинг бий. Жилд 600 мянган тонн мидлинг хэрэглэдэг. Цаашид 300 мянган тонн мидлинг хэрэгтэй байгаа” гэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(59.153.112.195) 2024 оны 07 сарын 21

Нүүрсээ угаа!!!.

1  |  0
Top