Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Монгол шилтгээн”-ий орчмоос нэг хоногийн зайтай хоёр хүн Туул голд осолдож, эндсэн талаар ОБЕГ-аас мэдээллээ.
“Монгол шилтгээн"-ий урд Туул голд сэлэхээр нэг хүн ороод гарч ирэхгүй байна гэсэн дуудлага долоодугаар сарын 30-ны 16:49 цагт иржээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 15 км зам туулан 17:27 цагт очиход иргэн 36 настай эрэгтэй Э согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Туул голын усанд сэлэхээр ороод осолдсон байсан гэнэ. Эрэн хайх ажиллагааг эхлүүлж, цогцсыг дараа өдөр нь олж уснаас гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Мөн “Монгол шилтгээн”-ий баруун талд Туул голд нэг эмэгтэй живсэн тухай дуудлага долоодугаар сарын 31-ний 16:08 цагт Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 10 км зам туулан 16:35 цагт очиход 68 настай эмэгтэй А живсэн байсныг 16:37 цагт осолдсон газраас баруун зүгт 2.5 км-ээс цогцсыг олж, уснаас гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Түүнчлэн Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Цэцүүх багийн нутаг Цэцүүхийн-Ам гэх газарт тус сумын харьяат иргэн Г нь долоодугаар сарын 30-ны өдөр мотоциклоор малдаа яваад сураггүй болжээ. Энэ тухай дуудлагыг 31-ний өдрийн 14:08 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид тус сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагч, Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэнтэй иргэн 65 настай эрэгтэй Г нь Идэр голын усанд осолдсон байж болзошгүй тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 21:08 цагт анх осолдсон газраас зүүн зүгт 14 км-т орших тус багийн Мухарын-Ам гэх газраас цогцсыг олж уснаас гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.
Ойрын өдрүүдэд бороо хур ихтэй байх тул иргэд та бүхэн гол усны ойр явахдаа анхаарал болгоомжтой байж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ уснаас хол байхыг онцгойлон анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 0 )