Улаанбурхан агаар дуслын замаар халдварладаг тул АМНЫ ХААЛТ зүүнэ үү!

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 08 сарын 04

Улаанбурхан өвчний тохиолдол Монгол Улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор Улсын онцгой комисс (УОК) хуралдаж, хариу арга хэмжээний талаар хэлэлцлээ

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад халдварт Улаанбурхан өвчнөөр өвчилсөн 2 тохиолдол, сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдээд байна.

Дэлхий нийтэд 2024 оны эхний 7 сарын байдлаар 178 улс оронд 210 мянга орчим тохиолдол батлагдсанаас Азербайжан, Киргизстан, Казахстан зэрэг улс орнуудад халдварын тохиолдол өндөр байгаа юм. 

Улаанбурхан өвчин нь вирусийн гаралтай, туйлын халдвартай, цочмог халдварт өвчин бөгөөд агаар дуслын замаар хүнээс хүнд дамжин халдварлана.

Дархлаажуулалтад хамрагдаагүй, өмнө нь улаан бурхан өвчнөөр өвдөөгүй бүх насныхан өвдөх эрсдэлтэй учраас иргэдийг олон нийтийн газраар зорчихдоо амны хаалт тогтмол хэрэглэхийг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.
 


Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Улаанбурхан өвчний тандалтыг эрчимжүүлж, дэгдэлтийн үеийн дархлаажуулалтыг зохион байгуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ, хариу арга хэмжээний нөөцийн бэлэн байдлыг хангах, хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан дархлаажуулалтад хамрагдсан хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгт хүлээн авах зохицуулалтыг бүрдүүлэх, хилийн нэвтрэх цэгт гадаад улсаас ирж буй зорчигчийн эрүүл мэндийн хяналт, тандалтыг идэвхжүүлэх, бүх шатлалын эрүүл мэндийн байгууллагууд, орон нутгийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байгаа талаар хуралдаанд танилцууллаа.

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын даргын хувьд Гамшгаас хамгаалах Эрүүл мэндийн улсын албаны үйл ажиллагааг идэвхижүүлж, тандалт, хариу арга хэмжээг удирдлага зохицуулалтаар хангах, тандалт, дархлаажуулалт, бэлэн байдлыг хангахад шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх, Улаанбурхан өвчний дэгдэлт үүссэн тохиолдолд татан оролцуулах хүч хэрэгсэл, нөөцийг бүрдүүлэх, Тандалтыг эрчимжүүлж, дэгдэлтийн үеийн дархлаажуулалтыг шуурхай зохион байгуулахыг Эрүүл мэндийн сайдад даалгалаа.

Мөн гадаад улсаас ирж буй зорчигчдод тавих эрүүл мэндийн хяналтыг идэвхжүүлэх, нэвтэрч буй зорчигчийн очих газрын хаяг, утасны дугаар гэх мэт эргэн холбоо тогтооход шаардлагатай мэдээлэл цуглуулах нөхцөлийг хангаж, эрүүл мэндийн байгууллагатай мэдээлэл солилцож ажиллах, хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг зэрэг боловсролын байгууллагуудад улаанбурхан өвчний дэгдэлт үүсэх эрсдэлийн үнэлгээг нарийвчлан хийж, халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эртнээс авч хэрэгжүүлэх, орон нутгийн хэмжээнд эрсдэлийн үнэлгээ хийж, халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүх шатанд авч хэрэгжүүлэхийг холбогдох албаныханд тус тус үүрэг болголоо.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ГАЙХШИРАГЧ(59.153.114.36) 2024 оны 08 сарын 05

улаанбурханы вакцинжуулалт хэдэн жил үйлчилдэг юм бэ. вакцин хийсэн сорви байх юм. сүрьегийн вакцинысорвиос яаж ялгах вэ

0  |  0
к(202.179.27.239) 2024 оны 08 сарын 05

Манайхан Казахстанаас шаагаад ирнэ дээ. Казахстан бол иргэд нь вакцинжаагүй халдвар ихтэй орон

0  |  0
Зочин(66.181.184.125) 2024 оны 08 сарын 05

Ингээд олон улсад зарлачихлаар манай иргэдийг гадаад орны хилээр орохыг хориглох болов уу, яах бол?

0  |  0
Зочин(66.181.182.125) 2024 оны 08 сарын 05

За мөнгө идэж уух шинэ аргаа шааж эхэллээдээ.

0  |  0
Top