БНСУ-ын нийслэл Сөүл хотноо “Хүүхдийн загварын долоо хоног” арга хэмжээг Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, “Бяцхан мисс” олон улсын хүүхдийн байгууллага хамтран зохион байгуулах гэж байна.
Авьяас, чадвараараа манлайлагч хүүхдүүдэд БНСУ-ыг танилцуулах энэхүү арга хэмжээ Сөүл хотын Сонбүг дүүрэгт болох аж. БНСУ-д 57 мянга орчим монголчууд ажиллаж амьдардгаас 8000 орчим хүүхэд байнга оршин суудаг гэсэн тоо байдаг. Тиймээс эдгээр хүүхдүүдэд өв соёлоо дээдлэх, эх хэлээ эрхэмлэх ач холбогдолтой олон талт ажлыг, жил бүр зохион байгуулахаар Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрынхан төлөвлөжээ. Мөн хүүхэд хөгжлийн үйлчилгээг үзүүлэх нь гол зорилго юм.
“Хүүхдийн загварын долоо хоног” арга хэмжээгээр “Хязгааргүй”, “Нарны хүүхдүүд”, “Дөрвөн улирал” зэрэг үндэсний хувцасны коллекциудыг танилцуулна. Соёл урлаг, боловсрол, хүүхдийн хөгжилд чиглэсэн эл арга хэмжээ нь солонгос хүүхдүүдэд үндэсний загвар, өв уламжлалыг сурталчлах давхар ач холбогдолтой. Монгол улс 2024 оныг “Хүүхдийн жил” болгон зарласан.
Энэ хүрээнд хэрэгжүүлж буй олон талт ажлын нэгээхэн хэсэг билээ. Эл арга хэмжээ 2024.08.17-27-нд зохион байгуулагдана. Монгол улсын нийслэлийн төр захиргааны байгууллага, БНСУ-ын нийслэл Сөүлийн төр захиргааны байгууллага хамтарч ажиллаж буйгаараа онцлог юм. Энэ тухай мэдээллийг Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газрын дарга Ө.Ган-Өлзий, Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн А.Анужин, “Бяцхан мисс” олон улсын хүүхдийн байгууллагын захирал Э.Оюунтунгалаг, Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөл НҮТББ-ын Удирдах Зөвлөлийн гишүүн П.Майнбаяр, Топ модель Г.Уранцэцэг нар сэтгүүлчдэд өгөв.
Сэтгэгдэл ( 0 )