Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны иргэдээс Гольф амралт, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж нь голын голдиролыг өөрчилснөөс үүдэн айлууд ихээр үерт автаж байна гэх мэдээллийн дагуу тухайн байршилд хяналт шалгалт хийгдэж байна.
Үргэлжлүүлэн орсон борооны улмаас Туул голын усны түвшин нэмэгдэж, эргээ давж хальсан, голын эрэг нурж түрэгдсэн, Туул голын энгийн болон онцгой хамгаалалтын бүсэд орсон айл, өрхүүд усанд автаж болзошгүй эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байна.
Тус газарт үерт автсан 4 айл өрхийг нүүлгэн шилжүүлж, Хан-уул дүүргийн Онцгой байдлын алба, Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо болон тус хорооны нутагт Ус хангамжийн баруун шинэ эх үүсвэрийн төслийн үйл ажиллагааны хүрээнд барилга угсралтын ажил гүйцэтгэж буй ААНБ-ууд хамтран шуурхай арга хэмжээ авч даланг бэхжүүлэн дайрга асгаж өндөрлөх ажлыг гүйцэтгээд байна.
Туул голын усны түвшин ихсэж, зарим нам эрэгтэй хэсгээрээ эргээ давж аюултай нөхцөл байдалд байгаа энэ үед гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын голдирол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх, үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барьж, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 0 )