Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах төслийн газар чөлөөлөлт 76 хувьтай үргэлжилж байна

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 08 сарын 14

Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд хэрэгжиж буй. Төслийн хүрээнд 2.206 нэгж талбарыг нөхөх олговортойгоор чөлөөлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 76 хувьтай үргэлжилж байна.

НЗД-ын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул, нийслэлийн ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр нар Сэлбэ дэд төвд ажиллалаа.

 

 

НЗД-ын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул “Чингэлтэй дүүрэгт 13 га газар, Сүхбаатар дүүргийн 10 га газраас Сэлбэ дэд төвийн ажил эхэлж байна. Өнөөдрийн байдлаар бэлтгэл ажлыг хангаж, нүхэн жорлонг ариутган, барилгын хогийг цэвэрлэж байна. Ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн бүхий 12 мянган айлын иж бүрэн орон сууцны цогцолбор хорооллыг барих санхүүгийн болон зураг төслийн бэлтгэл ажлыг хангаж байна. Чөлөөлсөн газрын 60 хувьд нь орон сууц, 40 хувьд нь зам талбай, ногоон байгууламж хийнэ” гэв.

Энэхүү төслийн төлөвлөлтийг “20 минутын хот” зарчмыг баримталж, цогц байдлаар хийхээр зорьж байгаа юм. Ингэснээр иргэдэд төрийн үйлчилгээ ойртож, агаар болон хөрсний бохирдол буурч, автомашины түгжрэлийн асуудлыг тодорхой хэмжээнд шийдэж чадах юм.

 

 

Нийслэлийн ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Нийслэлийн хэмжээнд таван дэд төвийг тодорхойлсон бөгөөд түүний нэг нь Сэлбэ дэд төв юм. Дэд төвийг байгуулснаар хотын төвлөрөл саарч, эдийн засгийн урсгалыг дэд төв рүү оруулснаар түгжрэл буурна” гэдгийг хэлж байв.

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.55.188.102) 2024 оны 08 сарын 17

За шинэ Архитектор японд мундаг алба хашиж байгаад ирсэн гэсэн, одоо япон стандарт, япон архитекторын шийдэлтэй шил толь, метал фасад, боржин чулуун гудамж талбайтай шинэ үеийн шинэлэг хотхон баригдах байхаа л гэж бодож бна даа. Тансаг орон сууцнууд хойморь талдаа, салхин дээрээ д байдагсан. Одоо энэ зайсанг л харалдаа нэрнээс цаашгүй элдэв янзын байшин шаваад хаячихлаа. Тэрнээс хэд дахин илүү архитектур шийдэлтэй, жишиг болсон хотхон хороолол барих боломж бүрэн бна даа

0  |  0
7%(103.145.234.94) 2024 оны 08 сарын 14

Газар дээрээ 7% нь л чөлөөлсөн байна лээ дээ.

0  |  0
Top