Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд хэрэгжиж буй. Төслийн хүрээнд 2,206 нэгж талбар буюу 158 га газрыг нөхөх олговортойгоор чөлөөлж 12 мянган айлын орон сууцыг барихаар болсон. Газар чөлөөлөлтийн ажил өнөөдрийн байдлаар 76 хувьтай үргэлжилж байна. Нийслэлийн орон сууцны корпорацаас 12 мянган айлын орон сууцыг барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зохион байгуулах бөгөөд эхний ээлжид 13 га талбайд орон сууц барих зургаан багц нээлттэй тендерийг зарлаад байгаа юм.
Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр дээрх байршилд ажиллалаа.
Тэрбээр “Сэлбэ дэд төвийн хүрээнд орон сууц барьснаар Улаанбаатар хотын хойд бүсээс 4000 яндан утаа үйлдвэрлэхгүй. Энэ хэрээр агаар, орчны бохирдол буурах боломжтой. Бид газрын хэмжээ, объектын хэмжээнээс хамаарч дунджаар 170 саяас дээш төгрөгийг иргэдэд газрын нөхөн олговорт олгож буй. Газраа чөлөөлсөн айл өрхүүд хотын төвд орон сууц худалдан авч байгаа мэдээлэл бий. Чөлөөлсөн талбайд бид 5-9 давхар орон сууц барихаар төлөвлөсөн. Энэ орон сууц Монгол улсад анх удаа зэс трубогоор сантехникийн тоноглол хийсэн, дээвэр дээрээ нарны эрчим хүчээр хэрэглээний зарим тогийг хангах боломжтой эко дулааны алдагдал багатай хороолол болно. Мөн нийт газрын 60 хувьд нь орон сууц барих бөгөөд үлдсэн 40 хувьд нь зам талбай, ногоон байгууламж байхаар төлөвлөсөн. Ингэснээр “20 минутын хот” концепцийг хадгалсан сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэх мэт төрийн үйлчилгээтэй ойр бүтээн байгуулалт болж байгаа гэдгийг онцолмоор байна. Улаанбаатар хот агаарын бохирдол, түгжрэлийг бууруулж, төлөвлөлтөө цэгцлэхийн тулд “20 минутын хот” болж хөгжих цаг болсон. Тиймээс иргэд бидний ажлыг дэмжиж, газар чөлөөлөх ажилд идэвхтэй оролцохыг уриалж байна” гэв.
Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны иргэн Л.Мөнхөө “Би хороондоо 54 жил амьдарч байна. Гэр хорооллыг орон сууцжуулах ажлын хүрээнд зохион байгуулж байгаа газар чөлөөлөлтөд манайх хамрагдаж, газраа худалдсан. Гэр хорооллын иргэдийн эрүүл, аюулгүй, орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж байгаа энэ ажилд хувь нэмрээ оруулсандаа таатай байна” гэсэн юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сэтгэгдэл ( 0 )