Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын албан ёсны цахим хуудаст тус чуулга уулзалтын бүрэн хөтөлбөр нийтлэгдсэн байна.
ВЭФ-2024 нь Владивосток дахь Холбооны улсын Алс дорнодын их сургуулийн цогцолбор хотхонд есдүгээр сарын 3-6-нд зохион байгуулагдах юм.
“Тухайн үеийн дэлхийн хамгийн тулгамдсан асуудлыг Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын гол сэдэв болгон жил бүр сонгодог. Харамсалтай нь олон улсын өнөөгийн нөхцөл байдалд хурцадмал, үл итгэлцсэн, эдийн засаг, соёлын тогтсон харилцаануудыг эвдсэн уур амьсгал давамгайлж байна. Гэсэн хэдий ч Алс Дорнодын хүрээлэл, Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын тухай яривал улс орнуудын дийлэнх олонхи нь Оростой хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хөгжүүлэхийг эрмэлзэж байна. Дорнын эдийн засгийн чуулга уулзалт нь ийм хамтын ажиллагааг хөгжүүлэх үр ашигтай арга хэмжээ юм. ОХУ болон Ази, Номхон далайн бүс нутгийн олон арван орны улс төрчид, бизнесийн хүрээний төлөөлөгчид тус бүс нутгийн хөгжлийн хамгийн чухал, стратегийн асуудлуудыг чухамхүү Дорнын эдийн засгийн чуулга уулзалт дээр хэлэлцдэг” – гэж ОХУ-ын засгийн газрын тэргүүний орлогч, ОХУ-ын ерөнхийлөгчийн Алс Дорнодын холбооны тойрог дахь бүрэн эрхт төлөөлөгч Юрий Трутнев онцлон тэмдэглэсэн байна.
2024 оны Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын гол сэдэв нь “Алс Дорнод-2030. Хүчин чармайлтаа нэгтгэж, боломж бололцоо бүрдүүлцгээе”. Албан ёсны арга хэмжээнүүдийг “Олон улсын хамтын ажиллагааны шинэ дүр төрх”, “Тусгаар тогтнолын технологиуд”, “Үнэт зүйлсийн санхүүгийн систем”, “Алс дорнодын Орос улс”, “Хүмүүс, боловсрол ба эх оронч үзэл”, “Тээвэр ба логистик: шинэ чиглэлүүд”, “Мастер төлөвлөгөөнүүд: архитектураас эдийн засаг руу” зэрэг долоон сэдэвт ангилан хуваарилсан аж.
“Чуулга уулзалтад олон улсын өндөр түвшний төлөөлөгчид оролцож байгаа нь тулгамдсан сорилтуудыг олон талаас нь гүнзгий хэлэлцэх боломжийг өргөжүүлэхийн зэрэгцээ Ази, Номхон далайн бүс нутгийн олон салаа яриа хэлэлцээг хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлнэ” гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн зөвлөх, Дорнын эдийн засгийн чуулга уулзалтыг зохион байгуулах хорооны хариуцлагатай нарийн бичгийн дарга Антон Кобяков тэмдэглэжээ.
“Олон улсын хамтын ажиллагааны шинэ дүр төрх” сэдвийн хүрээнд шинжээчид БРИКС нэгдлийг өргөжүүлэх, дэлхийн тогтвортой байдалд түүний гүйцэтгэх өсөн нэмэгдэж буй үүргийн тухай хэлэлцэх бол “Тусгаар тогтнолын технологиуд” сэдвийн хүрээнд тэргүүний технологи, робот техник, цахим аюулгүй байдал, аж үйлдвэрийн хамтын ажиллагаа, орчин үеийн эрчим хүчний санхүүжилт зэрэг асуудал хэлэлцэх юм байна.
“Тээвэр ба логистик: шинэ чиглэлүүд” сэдэвт салбар хуралдаанаар шинжээчид логистикийн урсгалуудын дахин хуваарилалт, салбарын шинэ цахим шийдлүүд, Умард тэнгисийн усан тээврийн замын хөгжил, дэд бүтцийн томоохон төслүүдийн хэрэгжүүлэлт зэрэг асуудал хэлэлцэнэ. “Мастер төлөвлөгөөнүүд: архитектураас эдийн засаг руу” сэдэвт хуралдаанд оролцогсод барилгын салбарын өсөлтийг тодорхойлох, газар ашиглалтыг шинэчлэх зэрэг асуудал хөндөх аж.
Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын хөтөлбөрт мөн Оросын бизнес эрхлэгчдийн Хятад, Энэтхэг, АСЕАН-ы орнуудын төлөөлөгчидтэй хийх яриа хэлэлцээ багтсан байна. Мөн чуулга уулзалтын эхний өдөр “Шонхорын өдөр” олон улсын хоёр дахь чуулга уулзалт болно.
Сэтгэгдэл ( 0 )