Боловсролын сайд П.Наранбаяр Монголын хувийн их дээд сургуулиудын холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр тэрбээр дээд боловсролын салбарт баримталж байгаа болон цаашид хэрэгжүүлэх бодлогоо танилцуулахын зэрэгцээ хувийн их, дээд сургуулиудад тулгамдаж буй асуудлуудыг сонсож, шийдлийн талаар санал солилцлоо.
Яамны зүгээс их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, Дээд боловсролын хуульд заасны дагуу дотоод асуудлуудад нь оролцохгүй бөгөөд тоог нь цөөлөх бус чанарт чиглэсэн бодлого баримтална гэдгийг Боловсролын сайд онцлов. Мөн төрийн бус хэлбэрээр үйл ажиллагаа явуулж буй тул тулгамдсан асуудлуудаарх санал хүсэлтийг нь тал талын оролцоотой хэлэлцэж, бодлого шийдвэртээ тусгах ёстой гэдгийг тэрбээр хэлсэн юм.
Хувийн их, дээд сургуулийн удирдлагууд төрийн зүгээс их, дээд сургуулийг өмчийн хэлбэрээр ялгалгүйгээр адил тэгш авч үзэх, хөндлөнгийн байгууллагаар үнэлгээ хийлгүүлэх замаар эрэмбийг тогтоох, зах зээлийн зарчмаар өрсөлдөөнийг бий болгох байдлаар дээд боловсролыг чанаржуулах, бодлого шийдвэр боловсруулахад хувийн их, дээд сургуулийн оролцоог нэмэгдүүлэх гэсэн саналуудыг дэвшүүлэв.
Боловсролын сайд П.Наранбаяр их, дээд сургуулийн эрэмбэ тогтоох асуудалд санал нийлж, Сайдын зөвлөлд хувийн их, дээд сургуулийн төлөөллийг оруулна хэмээлээ. Мөн оюутан, багш, өмчийн хэлбэрээс үл хамааран их, дээд сургууль хөгжих ёстойг хэлэв.
Монгол Улсад төрийн бус өмчийн 22 их, 24 дээд сургууль үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрт нийт оюутнуудын 40 орчим хувь суралцаж байна.
Сэтгэгдэл ( 6 )
Яагаад цөөлөхгүй гэж чанартай 5хан сургууль байхад болоо босго оноог өндөр болго гишүүн бас сайд болонгуутаа 2нүүрээ харуулж байх шив уг нь дэмжиж байсан хүний нэг юмсан ой гутчихлаа
ХҮН-аас тавигдсан энэ сайд зах зээлийн их зөв ойлголттой хүн бна. Сүүлийн 20-иод жил АН, МАН-аас тавигдсан дүнхүү сайд нар нь боловсролыг бүрэн дампууруулсан. Одоо ерөнхий боловсрол, цэцэрлэгт 8000 гаруй багш дутагдалтай байна гээд боддоо?!
Хэрэгтэй хэрэггүй диплом өвөртөлсөн их зантай, хоосон толгойтой, том мөрөөдлөөс хэтрэхгүй арми бий бодчихоод ажил хийх хүн олдохгүй хэцүү бна шү.
Энэ шинэ сайд харин зөв юм ярьж байгаа юм байна. Их дээд сургуулиуд чанараар өрсөлдөнө. Сургуулийн тоог эрх мэдлээр зохицуулах биш зах зээлийн эрэлт хэрэгцээ, чанараар зохицуулдагддаг. Чанаргүй, сургалт муу байгаад зах зээлийн эрэлтийг хангахгүй мэргэжилтэн бэлтгэдэг бол суралцах оюутангүй болж, жамаараа хаагдана гэсэн үг.
Хотын түгжрэлийн үндэс болсон хэрэггүй олон их дээд сургуулийг цөөлөх ёстой. Дотуур байр ч үгүй, биеийн тамирын заал ч үгүй, олигтой номын сан ч үгүй сургуулиудаар яадаг байнаа? Ийм байж чанар яринаа бас. Попрох юмаа ол
Чанаргүй сургуулиудаа цөөлж байж л сургалтын чанар дээрдэнэ