ХЭН ЮУ ХЭЛЭВ | Боловсролын зээлийн санд 15 мянган диплом хураалттай байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2024 оны 09 сарын 02

Энэ удаагийн “ХЭН ЮУ ХЭЛЭВ” буландаа УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, УИХ-ын гишүүн О.Батнайрамдал нарын хэлсэн үгнээс онцолж байна.


-УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.НАРАНБАЯР: Гадаадын зээлийн авлагаас харахад 1380 хүн зээлээ төлөөгүй байгаа. 10-аас дээш жил зээлээ төлөөгүй 502 хүн байна. 1997-2012 он хүртэлх хугацаанд зээл аваад гадаад суралцсан хүмүүсийг эргэж ирээд төрийн байгууллагад ажилласан тохиолдолд зээлээс нь чөлөөлж, хөнгөлөх систем үйлчилж байсан. Харин 2012 оноос хойш энэ тогтолцоо байхгүй болчихсон. Түүнээс хойш тухайн үеийн сайд нарын таван удаагийн тушаалаар зээлүүдийг чөлөөлсөн байдаг. Энэ бол хууль зөрчсөн явдал. Энэ асуудлыг бид цэгцэлнэ. Боловсролын зээлийн санд зээлээ төлж байж дараагийн хүндээ боломж олгодог. Гэтэл тушаал гаргаад чөлөөлөөд байж болохгүй.

-УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР: Одоогоос гурван жилийн өмнө шүүхийн хууль батлагдаж, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо гэх Үндсэн хуулийн байгууллагуудыг нээлттэй ардчилсан зарчмаар томилж байсан.
Нэр дэвшүүлэх асуудлыг өмнө нь дарга хийдэг байсан бол өөрөө нэр дэвшиж өрсөлддөг болгосон. Энэ шалгуураар би чадна, шүүхийн хараат бус байдлын төлөө ажиллана гэж сонгогддог. Нэг даргад үйлчилдэг албан тушаалаар ард түмний мандатыг сольё гээд би шийдчихсэн, тохирчихсон гээд байна. ШЕЗ-ийн гишүүн нь Ерөнхийлөгч, УИХ-ын дарга гишүүд, Засгийн газар гишүүд, Ерөнхий сайдтай уулзах ёсгүй.

-УИХ-ын гишүүн О.БАТНАЙРАМДАЛ: Боловсролын зээлийн сангийн сүүлийн 30 жилийн санхүүжилтийг нийт дүнг нь аваад үзэх юм бол бараг 70 хувь нь дотоодын их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудад зарцуулагдсан байдаг. Хамгийн том асуудал нь хоорондын ялгаатай зүйл байна. Дотоодын нэг суралцагч жилд дунджаар дөрвөн сая төгрөг гэхээр дөрвөн жилийн хугацаанд 16 сая төгрөг авч байгаа. Тэр хүүхэд зээлээ буцааж төлөхгүй бол Монголбанкны хар жагсаалтад оруулна, дипломыг нь хураана. Боловсролын зээлийн санд бараг 15 мянган диплом хураалттай байгаа. Дипломыг нь хураачхаад тэр хүүхдийг яаж мэргэжлээрээ ажилла, яаж зээлээ төл гэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top