Энэ удаагийн “Хэн юу хэлэв” буланд Сангийн сайд Б.Жавхлан, Түгжрэлийн сайд Р.Эрдэнэбүрэн, Нийслэлийн АН-ын менежер Б.Ган-Очир нарын байр суурийг онцлов.
Сангийн сайд Б.Жавхлан:
-2025 оны төсвийн онцлог нь бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу өргөн барьж байгаа анхны төсөв. Дэд бүтцийн томоохон 38 төслийг санхүүжүүлнэ. Олон жил гацсан, улстөржсөн томоохон бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхийг зорьсон. Нийслэлийн тулгамдсан асуудлыг зоригтой шийдэх санхүүжилтийн эх үүсвэрийг тусгасан. Олон жил яригдсан иргэдээ орон сууцжуулах асуудлыг Үндэсний баялгийн сантай уялдуулж цогцоор нь шийдэхийг зорьсон. Эрчим хүчний салбарын реформыг эрчимжүүлэхээр тусгасан. 2025 оны төсвийн бодлого бүхэлдээ хөгжлийн том төслүүдийг эхлүүлэх, төрийн оролцоог бууруулж, хувийн хэвшлийг дэмжихэд чиглэж байна.
Түгжрэлийн сайд Р.Эрдэнэбүрэн:
-Жил бүрийн өдийд түгжрэл эхэлдэг гэдгийг бүгд мэдэж байгаа. Сүүлийн 10 жилийн хугацаанд хэрэгжүүлж байсан аргууд бол дугаарын хязгаарлалт. Энэ жил дугаарын хязгаарлалт хийх үү, үгүй юу гэдгийг бүгд асууж байна. Дугаарын хязгаарлалт хийе гэж хэлэх шиг амархан зүйл байхгүй. Энэ талаар нийслэлийн удирдлагатай зөвшилцөнө. Дугаарын хязгаарлалт хийвэл энэ жил сүүлийн удаа байх болно.
Нийслэлийн АН-ын менежер Б.Ган-Очир:
-Нийслэлийн Ардчилсан намаас санаачилсан хуулийн төслийг УИХ-д АН-аас сонгогдсон гишүүдэд хүргүүлж байна. Энэ хуулийн төслийн гол агуулга нь Монгол Улсын ирээдүй болсон хүүхдүүдийг эрүүл чийрэг, оюуны өндөр чадамжтай, бэрхшээлийг даван туулах чадвартай иргэн болгон төлөвшүүлэхэд оршиж байгаа юм. Есдүгээр сарын 1 хуулийн төслийг нийт иргэдийг хүүхдийнхээ төлөө дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. АН-ын анх санаачилж байсан хүүхдийн мөнгө гэдэг зүйл олон өрхөд тустай байсан. Баялгийн тэгш хуваарилалт үүнээс л эхэлнэ.
Сэтгэгдэл ( 0 )